Хунтайж Алуатай хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Л.Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, гадаад бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Монгол улс стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж эдийн засаг, нийгмийн хөгжлөө эрчимжүүлэхийн хэрээр Монгол улсын гадаад ертөнцтэй тогтоосон харилцаа түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалт улам бүр тэлэн өргөжих ирээдүйтэйг элчин сайд тэмдэглэв. Банк, санхүү, даатгалын салбар өндөр хөгжсөн Лихтенштейн улстай хамтран ажиллаж нэн ялангуяа энэхүү салбарт боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллаж хоёр талын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтыг зохион байгуулах саналтайгаа уламжлав.
Лихтенштейн улс Европын Чөлөөт Худалдааны Холбоо (ЕЧХХ)-ны гишүүн орны хувьд Монгол улс, ЕЧХХ-тай байгуулсан Хамтын ажиллагааны тунхаглалыг хэрэгжүүлэхэд идэвтхэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа элчин сайд мөн илэрхийлэв.
Хунтайж Алуа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржод хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд монголын ард түмний хөгжил дэвшилд сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрээр Лихтенштейн улс нь далайд гарцгүй жижиг орон гэлээ ч банк, санхүүгийн салбарыг хөгжүүлж, гадаадын компаниудыг татах татварын бодлого, аж ахуйн нэгж бүртгүүлэх хялбар журам, эрх зүйн орчинг бий болгосноороо дэлхийн санхүү, бизнесийн ертөнцтэй нягт холбогдсон, нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд нэн дээгүүр орох орон болсноо дурдаад Монгол улстай хамтран ажиллаж улс орныхоо хөгжлийн туршлагаас солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийсэн тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.