Хоккейчид Азийн өвлийн олимпийг хожлоор эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хоккейчид Азийн өвлийн олимпийг хожлоор эхлүүлэв

Азийн өвлийн спортын VII наадам Казахстаны Астана хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн Азийн цагаан олимпод 27 орны 1134 тамирчин спортын 11 төрөлд 70 багц медалийн төлөө өрсөлдөнө. Долоон хоногийн турш өвлийн спортоор амьсгалах манай тамирчдын салхийг хоккейчид хагаллаа. Тэд эхний тоглолтдоо Кувейтын багийг 3:2-оор буулган авч, гараагаа сайхан эхлүүлсэн байна. Уг тоглолтод Н.Мишигсүрэн дубль хийсэн бол П.Батзаяа нэг гоол оруулж багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэд өнөөдөр хоёр дахь тоглолтоо Киргизийн эсрэг хийнэ. Манай улс энэ удаагийн наадамд 52 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, тугчаар тэшүүрийн спортын тамирчин Г.Ууганбаатар нар томилсон билээ. Казахстан улс ЗХУ-аас тусгаарласнаас хойш анх удаа олон улсын томоохон наадмыг эх орондоо зохион байгуулж буйгаараа нэлээд онцлогтой, чухал ач холбогдолтой байв. Мөн Азийн наадам анх удаа хоёр өөр хотод болж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Уг наадмыг зохион байгуулахын тулд шинээр спортын ордох барих, сэргээн засварлах зэрэг ажилд 726 сая ам.доллар зарцуулсныг Казахстаны үндэсний олимпийн хорооноос мэдээлжээ. Дашрамд сонирхуулахад, Сингапур, Бахрайн улсууд анх удаагаа Азийн өвлийн спортын наадамд тамирчдаа илгээсэн байна.

Б.Мөнхзул. Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж