Афганистан дахь монгол дайчид дэлхийд үнэлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Афганистан дахь монгол дайчид дэлхийд үнэлэгдэж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд цаг үеийн асуудлаар ярьж байна.

-УИХ-ын хаврын чуулганы нээлт улс төрийн амьдралд ихээхэн чухал үйл явдал болж байна. Гэтэл та энэ үеэр гадаад явж байгаа гэсэн, чухам ямар чухал ажлаар явж байна вэ?

-Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан АНУ болон ХБНГУ зэрэг НАТО-гийн эвслийн хүчний цэргийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийхээр явж байна. Манай 130 цэргийн алба хаагч Кабул хотод байрлах эвслийн хүчний “Эггэрс” цэргийн баазын харуул, хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэж байгаагийн дээр 40 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа Фейзабад хотод байрлах цэргийн бааз, нисэх онгоцны буудлын харуул, хамгаалалтыг хариуцаж байгаа. Мөн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг ч тухайн бүс нутагт ажиллаж байна. Афганистанд цагийн байдал түгшүүртэй хэвээр байгааг танай уншигчид дуулж байгаа бизээ. Нэг жишээ хэлэхэд манайхны хамгаалж буй “Эггэрс” баазаас зуун метр хүрэхгүй зайд хүчтэй халдлага болсон. Ийм эрсдэлтэй үед Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газар цэргийн багтайгаа байнгын холбоотой байж удирдлагаар хангаж ажилладаг. Мөн манай цэргийн багийн захирагчдаас цагийн байдлын мэдээг шуурхай авч байгаа хэдий ч ажиллагааны газар оронд Батлан  хамгаалахын сайдын хувьд биеэр очиж ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм.
Ер нь иймэрхүү томилолтын нарийн ширийнийг аюулгүй байдлын үүднээс нууцалдаг дүрэмтэй. Тиймээс илүү дэлгэрэнгүй ярих бололцоо алга. Харин нэг зүйлийг онцлоход Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэрэг дайчид яг Иракт байсан шигээ тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадвараараа олон үндэстний цэргүүд дотроос өндрөөр үнэлэгдэж байгааг хэлэх ёстой байх. Тухайлбал АНУ-ын Батлан хамгаалахын сайд Р.Гэйтс Афганистанд айлчлах үеэрээ Монголын цэргийн багийнхантай тусгайлан уулзаж талархал илэрхийлэн дурсгалын зургаа авахуулсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байлаа. Саявтар Германы Aktuelle сэтгүүлд манай цэргийн багийг тусгайлан сурталчилсан нийтлэл гаргасан байна билээ. Хэд хоногийн өмнө миний бие Брюсселд НАТО-гийн удирдлагуудтай уулзахад Монгол улс НАТО-гийн тэргүүлж буй Афганистан дахь ажиллагаанд цэрэг хандивлаж байгаад албан ёсоор талархал илэрхийлж байлаа.

-НАТО-гийн төв байранд уулзалт хийсэн гэдэг тань сонирхол татаж байна. Манай улс энэ байгууллагатай ямар харилцаатай байгаа юм бэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж болгосны дагуу манай улс НАТО-гийн “Дэлхий дахины түншлэл”хөтөлбөрийн харилцагч орны статусыг эрэлхийлэн ажиллаж байгаа юм. Ер нь НАТО-той харилцах асуудлаар төр засгийн дээд түвшинд өмнө нь ч анхаарал хандуулж ирсэн байдаг. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнууд НАТО-гийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож байсан. Харин батлан хамгаалахын сайдын хувьд би анх удаа ажлын айлчлал хийлээ. Энэ бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин оролцсон нь айлчлалын ач холбогдлыг өргөсөн гэж бодож байна. Бид Брюсселд НАТО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт зочилж, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд К.Бизогнеро болон Цэргийн дээд удирдлагын штабын орлогч дарга, генерал Ж.Макколл нартай уулзаж чухал яриа хэлцлүүдийг хийсэн. Тухайлбал Монголоос Афганистанд нисдэг тэрэг, танкийн сургалтын баг илгээх, цэргийн харилцан ажиллагааг сайжруулахын тулд хамтарсан сургалт явуулах, монголын цэрэгт НАТО-гийн гэрчилгээ олгох зэрэг асуудлаар санал солилцлоо.

Мөн бид Брюсселд ажиллахдаа Бельгийн вант улсын Батлан хамгаалахын сайд П.Де Кремтэй уулзалт хийж Монгол, Бельгийн цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцсан. Манай улс өмнө нь 2005 онд Косово дахь КФОР ажиллагаанд Бельги, Люксембургтэй хамтран цэргийн баг үүрэг гүйцэтгүүлж байсан туршлага бий. Энэ уламжлалаа үргэлжлүүлж Афганистаны ажиллагаанд хамтран цэргийн баг оролцуулах Бельгийн талын хүсэлтийг хүлээж авахаар тохиролцлоо.

-УИХ-ын хаврын чуулганы тухай асуултдаа эргэж оръё. Энэ чуулганаар танай салбараас ямар хуулиуд хэлэлцэгдэх вэ?

-Хоёр маш чухал хуулийн төсөл өргөн баригдсан. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачилсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслүүд энэ чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Эхнийх нь төсөл бол 2002 онд батлагдсан Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Анхны энэ хуулиас хойш Монгол Улсын зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, гүйцэтгэх үүргийн цар хүрээ, оролцогсдын тоо харьцуулшгүй өссөн. Манай зэвсэгт хүчин анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хоёр офицероо Конго улс руу ажиглагчаар илгээж байсан бол өнөөдрийн байдлаар дэлхийн 3 тивийн 10 улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монголын зэвсэгт хүчний 3455 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэчихээд байна. Яг одоо гадаадын 6 улсад 615 монгол  цэрэг эх орныхоо хүнд хэцүү даалгаврыг нэр төртэй биелүүлж байна. Тэдний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаа, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлыг  илүү сайн зохицуулахад Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай шинэ хууль ахиц дэвшил гаргах учиртай.

Манай салбартай шууд холбоотой төдийгүй улс орны аюулгүй байдалд хамааралтай чухал хуулийн төсөл бол дээрх гишүүдийн санаачилсан тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай төсөл. Шуудхан хэлэхэд Москвагийн метронд юу болсныг бид бэлээхэн харж байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг том ордууд ашиглагдаж эхлэхээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн импорт, хэрэглээ, үйлдвэрлэл асар их нэмэгдэнэ. Дээрээс нь ахуйн түвшинд энэ төрлийн хэрэглээ аль эрт хяналтаас гарсан гэхэд болно. Үүнийг аюулгүй байдлын үүднээс хумьж төрийн хатуу чанд хяналт тогтоох шаардлагатай. Энэ талаар 2006 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд энэ үүргийг хариуцуулахаар чиглэл өгсөн байдаг юм. Энэ шийдвэрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд гишүүдийн санаачилсан төсөл батлагдах нь чухал ач холбогдолтой. Гагцхүү энэ утгаар манай салбар уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Түүнээс биш тусгай зөвшөөрөл олгох эрх ямба хөөцөлдөөгүй. 

-Та өөрөө УИХ-ын гишүүний хувьд энэ чуулганаар ямар нэг хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх үү?

-Тийм ээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа. Чухам яагаад уг хуулийн төслийг санаачилсан, ямар зарчим, үзэл баримтлалыг удирдлага болгосон, сонгуулийн хуулийн яригдаж буй хувилбаруудаас юугаараа давуу болохыг танай сонинд саявтар тайлбарласан болохоор дэлгэрэнгүй ярихаас энэ удаад түдгэлзэе. Маш товчоор хэлбэл миний санаачилсан төсөл УИХ-ын ажлын хэсгүүдийн түвшинд яригдан мухардалд ороод байгаа ажлыг гацаанаас гаргах бололцоотой гэж найдаж байна. Засгийн газраас санал ирмэгц би УИХ-ын бусад гишүүдийн хамт төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Мөн судлаачид, олон нийтэд төслөө ямар нэг хэлбэрээр танилцуулж тайлбарлах төлөвлөгөөтэй байгаа.
 
-Тантай уулзсаных нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид байлдагч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Зарчмын дүгнэлт хийсэн. Энэ тухай Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад дахин ийм хэрэг явдал гаргуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах үүрэг өгч ангийн захирагчаас эхлээд Ерөнхий зориулалтын цэргийн командлагч хүртэл зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон. Хэдийгээр гадны нөлөөгүй амиа хорлосон гэдэг нь тогтоогдсон боловч цэргийн сахилгын дүрмээр бүх үйл ажиллагаа нь зохицуулагддаг цэргийн хуаранд байлдагч амь насаа егүүтгэж байгаа нь тэнд сахилга, дэг журам ном ёсоороо байгаагүйнх гэж үзсэнээс ийм арга хэмжээ авсан.

-Ер нь иймэрхүү явдал зэвсэгт хүчинд ойр ойрхон гарсан гэж бичигдэж байсан?

-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс байлдагч амь насаа хөнөөсөн явдал намайг сайд болсноос хойш анх удаа гарсан нь энэ. Сүүлчийнх нь байгаасай ч гэж найдаж, үүний ч төлөө ажиллаж байна. Харин хэвлэлээр зориуд мушгин бичсэн тухайд бол өөр хэрэг.

Тэр байтугай шинэ үеийн зэвсэгт хүчний 89 жилийн ойн өмнөх өдөр хүртэл өөр яамны харъяанд, өөр бүтцэд байдаг анги, байгууллагад гарсан бүх хэрэг явдлыг зэвсэгт хүчин, тэр тусмаа зөвхөн надад тохох гэсэн хэвлэлийн дайралт хийгдсэн. Лу.Болд буу Болд боллоо гэж хүртэл тохуурхсан байна билээ. Энэ бол шинэ зүйл биш. Намайг улс төрд дөнгөж хөл тавьж байх үеэс байх байхгүй үгээр дайрч давшилдаг байсан “Бодлын солбицол” хэмээх ардчиллыг хараан зүхэгч сонинг эрхэлж байсан хүний бас нэг сонинд ингэж бичсэн. Ингэлээ гээд ч юм үнэнээрээ л үлдэнэ шүү дээ. 

Өөр нэг сонинд болохоор намайг буу барьж үзээгүй хүн батлан хамгаалахын сайд хийж байна гэж бичсэн гэнэ лээ.Төрийн нэрийн өмнөөс батлан хамгаалах салбарт иргэний хяналт хэрэгжүүлдэг улс төрийн албан тушаалтан сайд хүн заавал ч буудах ёстой юм биш л дээ. Гэхдээ би залуу насандаа үйлдвэрчний төв зөвлөлд ажиллаж байхдаа тэр үеийн журам ёсоор цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдан албаа хаасан хүн шүү гэдгээ хэлчихье.

-Танд баярлалаа. Сайн яваарай!

Ч.Батпүрэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж