Алтны үнэ огцом өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Алтны үнэ огцом өсчээ

Баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээл дээр унц алтны үнэ хоёр хувиар өслөө. Энэ нь Египет улс дахь тайван бус байдал Ойрхи дорнод руу тархаж буйгаас хямралаас сэргийлэх гэсэн хөрөнгө оруулагчид санхүүгийн зах зээлийн дархлаат бүтээгдэхүүн болох алтыг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн аж. Унц алтны үнэ бараг 40 ам.доллараар сэргэсэн нь арилжаалагчдын дунд алт худалдан авах сонирхлыг дахин сэргээсэн байна. Еврозоны өрийн асуудал цэгцэрч, АНУ-ын эдийн засаг сэргэж буй гэх мэдээлэл гарч буйгаас энэ сард алтны худалдаа эрс буурсан юм.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Египетэд бослого, үймээн дэгдэж, Каир хотын гудамжинд хуягт машинууд хамгаалалтад гараад байгаа явдал баасан гаригт л дэлхийн хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхэлсэн байна. Улс төрийн тогтворгүй байдал газар авч болзошгүй гэх айдас газар авч буйгаас газрын тосны үнэ дөрвөн хувиар өссөн бол ам.долларын ханш, үнэт цаасны үнэ ч огцом өсөөд байна.

“Эргэлзээ алтнаас бусад бүх хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Хямралын дархлаат бүтээгдэхүүн болох алт руу их хэмжээний мөнгө урсаж байна. Учир нь нөхцөл байдал хэрхэн шийдэгдэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж “Gartmen Letter” компанийн шинжээч Деннис Гартмэн хэлэв. Гартмэний үзэж буйгаар алтны арилжаа энэ сардаа харьцангуй их байх юм. Гэхдээ Египетийн нөхцөл байдал ойр хавийн бусад орнуудад нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Шууд арилжаагаар баасан гаригт нэг унц алт 1338,39 ам.доллар буюу өмнөх өдрийнхөөс хоёр хувиар өссөн байна. Энэ нь арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн их хэмжээний нэг өдрийн өсөлт байлаа. Өмнөх өдөр нь 2,6 хувиар унаж байсан тус бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн нь ийнхүү үнийг өсгөж байгаа юм. АНУ-ын металлын бирж дээрх хоёрдугаар сарын гэрээт үнэ 22,3 ам.доллараар өсч, унц нь 1340,70 ам.доллар болж, арилжаалагдсан алтны хэмжээ 300 мянган унц давж, арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр хэмжээнд очсон байна. Бусад үнэт металлын хувьд мөнгө 3,5 хувиар өсч, 27,82 ам.доллар, цагаан алт 1793 ам.доллар, паллади 814 ам.доллар болоод байна.

Энэ сарын эхээр Тунисын Ерөнхийлөгч огцорсны дараа Ойрхи дорнодын асуудал улам бүр муудаж, санхүүгийн зах зээл тогтворгүй болж байгаа юм.

“Одоо Египетэд болж буй явдал жилийн өмнө Грект гарсан бослогыг сануулж байгаа тул зах зээл маш эмзэг байна. Грекийн үймээний үеэр тэвдсэн хөрөнгө оруулагчид АНУ-ын үнэт цаасыг ихээр худалдаж авч байсан” тухай “Bank of Tokyo”-гийн санхүүгийн ахлах эдийн засагч хэлж байна.

Ямартай ч баасан гаригт гол мөнгөн тэмдэгтүүдтэй харьцах ам.долларын индекс 0,5 хувиар өсөөд байгаа юм. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны үнэ унасан ч газрын тос, алт зэрэг бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байгаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын эдийн засгийн сэргэлт хурдассан мэдээлэл гарсаны дараа алтны үнэ алтны үнэ унаад байсан билээ. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэж буй нь таатай үр дагавар авчирж байгаа юм. 

Эрчим хүчний зах зээл дээр газрын тосны үнэ бараг 100 ам.доллар хүрэх дөхжээ. Үүнд мөн Ойрхи дорнод болон АНУ-ын нөлөө байгаа ч Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Эл-Бадри зах зээл дэх хангамж хангалттай байгаа гээд арилжаалагчдын зүгээс ирж буй экспортыг нэмэгдүүл гэсэн дуудлагыг хүлээж аваагүй юм.

Гуравдугаар сарын гэрээт арилжаанд Брент нефтийн үнэ 2,1 хувиар өсч, баррель нь 99,63 ам.доллар болж, 2008 оны сүүл үеэс хойшхи хамгийн өндөр төвшинд очив. Харин Нью Йоркийн бирж дээр WTI нефть 89,73 ам.доллар болжээ. Хамгийн гол хоёр нефтийн үнийн зөрүү одоо 12 ам.доллар болсон нь бүх цаг үеийн дээд хэмжээ болоод байна.

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дөрөвдүгээр улиралд 3,2 хувиар өссөн нь хэдийгээр “Bloomberg” агентлагийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн таамаглалд хүрээгүй ч эдийн засаг сэргэж байгааг баталж байгаа юм. Харин жилийн хэмжээнд эдийн засаг 2,9 хувиар өссөн нь таван жилийн турш харагдаагүй өндөр хэмжээ юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүн 13,38 триллион ам.доллар болж, хямралын өмнөх үед очоод байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж