
Блейк энэ талаар ирэх бямба гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаараа зарлах аж. Үүнээс өмнө Блейк зодог тайлах талаар ямар нэгэн мэдээ, цуу яриа гарч байгаагүй бөгөөд анхных нь энэ болж байгаа юм.
Өнгөрсөн сард түүний баг “Сан Хосе Шаркс” Чикаго хотын мөсөн талбайн багт ялагдсаны дараа сэтгүүлчид ирээдүйд хэрхэн талаар нь асуухад, хэдэн долоо хоног бодсоны эцэст төлөвлөгөө гаргана гэж байсан юм.
Түүнийг ийм шийдвэр гаргахад доорх хүчин зүйлс нөлөөлсөн байж болох талтай.
Нэгдүгээрт, “Шаркс” баг сүүлийн улирлуудад дараалан өндөр амжилт үзүүлж байгаа ч плей-оффт тогтмол азгүйтсээр ирсэн. Хоёрдугаарт, гоолын лидер болох Патрик Марлеау, гарааны хаалгач Евгений Набоков нар долдугаар сарын нэгнээс багаас хамааралгүй чөлөөт агент болох учир ирэх жил багийн амжилт энэ хэвээр байх нь эргэлзээтэй. Баг солих тухайд бол бүр бодоо ч үгүй биз.
20 жилийн хугацаад тэр лигийн шилдэг хамгаалагчдын нэг байхдаа бие тоож олон баг хэссэнгүй. Ердөө гуравхан багт үнэнчээр хүчин зүтгэсэн нь “Шаркс”, “Кингс”, мөн “Эвланш”.
Энэ хугацаанд тэрбээр долоон удаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцож, 1998 онд шилдэг хамгаалагчийн шагналыг “Лос Анжелес Кингс” багаас хүртэж байсан юм.
Өдгөө 40 настай Блейк хамгаалагчдаас оруулсан гоолынхоо тоогоор түүхэнд 10-т бичигдсэн бөгөөд тэрбээр арын шугамнаас орж ирэн нийтдээ 240 гоолоор эсрэг багийн хаалгыг мялааж байжээ.
1993 онд Лос Анжелес багаас шигшээ тоглолтод шалгарч, 2001 онд Колорадогийн залуусын хамтаар цом хүртэж, улмаар дараа жил нь Канадын шигшээ багт алтан медаль авчирч байсан билээ.
Харин сүүлийн хоёр жилд “Шаркс”-ыг улирлын шилдэг баг болоход нь хамгаалалтыг нь сайн манаж байсан. Блейк өөрийн карьерт 537 оновчтой дамжуулалт, 777 оноог авсан. Нийтдээ 136 удаа Повэр Плэйд гоол оруулснаараа алдрын танхимын гишүүдийн араас 3-т бичигдэж байна. Магадгүй удахгүй алдрын танхимд Роб Блейк залагдах биз.