
хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүтэй ярилцлаа.
-Монгол
хүн бүр Тавантолгойгоос хувьцаа эзэмшинэ хэмээн Ерөнхий сайд
мэдэгдсэн. “Монголын ард түмэн газрын баялгийнхаа эзэн байна” Үндсэн
хуулийн гэсэн заалт бодит утгаараа хэрэгжих гэнэ?
-Сүүлийн
гурван жил бичсэн нийтлэл, өгсөн ярилцлагадаа би энэ тухай л ярьж
байсан. Капитал гэдэг бол хөрөнгө. Капиталтай хүн мөнгө босгож чаддаг
юм. Хоёр тогтолцоо байна гэж би хараад байгаа. Хөрөнгөтэй мөртлөө мөнгө
босгож чаддаггүй ард түмэн буюу манай Монгол. Хөрөнгөгүй мөртлөө хүний
хөрөнгөөр мөнгө босгож чаддаг ард түмэн буюу канад, хятадууд гэх мэт.
Бид дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгоод сурчихсан айхтар хүчтэй
капиталистуудтай нүүр тулж байгаа болохоор маш болгоомжтой ул суурьтай
хандах хэрэгтэй. Биднийг социализмын хөмөрсөн тогоонд байх хооронд
эдгээр нөхдүүд мөнгө хэрхэн босгоход маш сайн суралцсан. Тиймээс
одоогийн яг энэ нөхцөл байдал дээр хөрөнгийн зах зээл, түүн дээр
арилжаалдаг үнэт цаас, түүнийг эзэмшигч хийгээд өмчлөх агуулгын тухай
болон олох ашгийн тухай мэргэжлийн хүмүүс дуугармаар байна. Мэргэжлийн
бус хүмүүс ярихаараа бантан хутгаад учрыг нь олох аргагүй болгоод байна л
даа. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавьж байгаа манай
УИХ-ын гишүүдийн ч боловсрол хэцүү байна гэдэг нь харагдлаа.
Монголчууддаа хувьцаа өгнө гэсэн энэ бодлого, Ерөнхий сайдын үг зөв.
Гэхдээ “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-иа өгөхдөө мөнгө хэлбэрээр биш,
капитал болгох хэрэгтэй. Манайхны хэлэх дуртай жишээ байдаг. Загас өгөх
биш, барих аргад нь суралцуул гэж. Үүнийг л Тавантолгой дээр хэрэгжүүлэх
ёстой. Саяын тараасан 70.000 бол загас. Шууд аманд ороод, ялгадас
болоод гарчихна. Түүнийхээ оронд ашиг орлого ихтэй хувьцаат компани бий
болгоод ард түмэндээ эзэмшүүлчихвэл загас ихтэй нууранд уурга бариулж
байгаатай адилхан явдал болно.
-Гэвч яаж гэдэг нь
жинхэнэ асуудал болоод байна. Ерээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг
болчихвол гэдэг эмзэглэл байна л даа?
-Тийм явдал
гаргахгүйн тулд зээлээр олгохгүй. Хувьцаа гаргаж байгаа юм чинь хувьцаат
компани байгуулах ёстой болж таарна. Тэр нь хуулийн этгээд болох ёстой.
Ерөнхий сайд Тавантолгой дээр ажиллах компаниудыг гадаадын, дотоодын
гэж хоёр ангилаад байна лээ. Тэгвэл аль аль нь хоёулаа хуулийн этгээд
болох ёстой. Тавантолгойн орд дээр “Тавантолгой транст”, “Энержи
ресурс”, Хятадын бас нэг компани байдаг гээд байгаа. Дээрээс нь дахиад
хоёрыг нэмэхээр Тавантолгойтой холбоотой таван аж ахуйн нэгж байгуулах
болж байгаа биз. Тэгвэл тэд тавуулаа хуулийн этгээд болж таарна. Тэдгээр
хуулийн этгээдүүдтэй нэг компани хичнээн тонн нүүрс олзворлох эрхтэй
байх юм, техник эдийн засгийн үндэслэл нь ямар, эдийн засгийн үр ашгийн
тооцоо нь хэр байх юм гэдгийг нарийн тогтоод тэндээс монголчууддаа хэдэн
хувийг нь өгөхөө тодорхойлно. Үүний дараа Монголын ард түмэнд хувьцаа
эзэмшүүлэх бол амархан. Монголын хөрөнгийн бирж дээр бүх ард түмнийхээ
дансыг нь нээчих. Одоо 700 гаруй мянга нь нээлттэй байгаа. Дансанд нь
хувьцааг нь байршуулчихъя. Тэгээд хувьцааны үнийн дүнтэй тэнцэх мөнгийг
биржээр дамжуулан Тавантолгой дээр байгуулсан та бидний өмчит хувьцаат
компанидаа шилжүүлж хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгоно. Сая гэхэд
70.000 төгрөг тарааж, инфляциа өсгөснөөс энэ хэлбэрийг сонгосон бол
өнөөдөр 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрчихсөн байх нь
байна. Ийм байдлаар Хүний хөгжлийн сангаараа дамжуулан хувьцааны үнийг
ард түмнийхээ өмнөөс төлөөд байвал уурхай ашиглагдаж эхлэх тэр үед ард
түмэн насаараа идэх загасандаа санаа зоволтгүй болно шүү дээ.
-Таныхаар
Тавантолгойг өнөөдөр ч ашиглаж болох юм шиг байна. Гэтэл үнэлгээг нь ч
эцсийн байдлаар гаргаагүй байгаа шүү дээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр
нэг нөхөр бидний үнэлснээс 57 дахин их буюу найман их наяд 601 тэрбум
төгрөг гэсэн дүн хэлээд дэлхий дахинд санал болгож байна?
-Тэр
нөхөр бас л дутуу үнэлж, минийхээр бол үүгээр ч тогтохгүй. Дэлхий
дахинд ашигт малтмалын ордыг яаж үнэлдэг вэ гэдгийг наад нөхөр чинь
мэдээд байна. Энэ ашигт малтмалын ордын анхны үнэ тэд, ашиглаад
эхлэнгүүт тэдийг олно гэдгийг тооцоолоод л гаргаад ирж байна. Өнөөдөр
манайханд нэг буруу юм байдаг. Төсөлдөө ашиглалтын зардлаа их өндөр
гаргаад олох ашгаа багаар тусгадаг. Тавантолгой бол асар хямд
өртөгтэйгээр байгуулагдах уурхай байгаа юм. Шууд хутгаад авдаг. Тэгээд
дэд бүтцэд холбогдчих юм бол их хурдан хөрөнгө оруулалтаа нөхөх
боломжтой. Гэтэл тэр зардлыг нь хэд дахин өсгөөд оруулаад ирэхээр, олох
ашиг багасах нь тодорхой биз дээ. Гадаадынхантай нийлэхээрээ бүр их
өсгөнө гээч. Анх Оюутолгойн хайгуулын зардал 240-өөд мянган ам.доллар
гэж сонсогдож байснаа дөрвөн жилийн дараа төсөл батлагдах үед 670 мянган
ам.доллар болчихсон явж байсан. Тэгээд түүгээрээ батлагдсан шүү дээ.
Яагаад тэгж өссөнийг бүү мэд. Ингээд ашиглалтын зардлаа өсгөөд байвал
гадныхны эзэмших хувь л өснө. Өөрийн чинь яриад байгаа хятад залуугийн
тооцоо бол олон улсын стандартын дагуу гаргаж ирсэн үнэлгээ л дээ.
Хэдийгээр галт тэрэг хөдөлчихсөн ч Оюутолгойн газрын хөрсөн доор байгааг
нь үнэлж чадаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр алт, зэс Монголынх уу,
Канадынх уу гэдгийг тогтоож чадаагүй. Энэ байдлаа Тавантолгой дээр
гаргамааргүй байна. Хөрсөн доор байгаа эрдэнэсийн хуримтлалыг үнэлдэг
үнэлгээ манайд алга. Монголын, бидний өмч учраас үнэлэх ёстой. Би боддог
юм, манай Оюутолгойн орд дор хаяж таван тэрбум ам.доллараар үнэлэгдэх
ёстой. Бид өөрсдийнхөө юманд үнэлгээ тогтоочихоод авах гэж байгаа бол,
үнийг нь төлөөд ав гээд сууж байх ёстой байхгүй юу. Зарж байгаа
барааныхаа үнийг мэдэхгүй наймаачинг захын хүн л маллана шүү дээ.
Манайхан татвараас ашиг олно гэж дэмийрдэг юм. Тэр бол ашиг биш хуулийн
ямар ч этгээд үйл ажиллагаа явуулсан л бол татвараа төлнө. Би энэ
санаагаа Оюутолгой дээр ч хэлж л байсан. Оюутолгойнхоо ордыг гурван
тэрбум ам.доллараар бүр өгчихье. Тэгээд тэнд хуулийн этгээдээ байгуулаад
үйл ажиллагаагаа явуулна биз. Тэгэхээр нь татвараа авчихъя. Тэгэх юм
бол манайд 25 тэрбум ам.долларын цэвэр ашиг ороод ирэх юм байна гэж.
Тавантолгой дээр бид ийм үнэлгээ тогтоохгүй бол ахиад л алдагдал
хүлээнэ. Үүнийгээ ойлгохгүй байгаа юмуу, ойлгохыг хүсэхгүй байгаа юмуу.
Хэдэн сайдаа харахаар өрөвдөх юм. Оюутолгойн урьдчилгаа гээд нэг том
самбар барьчихсан инээгээд зургаа авахуулаад байдаг. Бас болоогүй
тэрийгээ эргүүлж төлнө гэж байгаа. Өөрсдийнхөө юмыг үнэлж чадахгүйгээсээ
болоод алдчихаад, дээр нь өрөнд орчихоод инээж байна гэдэг эмгэнэл шүү.
Бидний хийсэн үнэлгээг зөвшөөрөхгүй бол болихгүй юу гээд хэлчихдэг байх
хэрэгтэй. Нэг хэсэгтээ гурилтай шөлөө идээд л сууж байя. Өнөөдөр
Афганистанд жигтэйхэн том орд олдлоо гээд шуугиад байна. Афганистаны
дайны шалтгаан нь гарч ирж байгаа нь энэ. Хөрсөн доор байгаагаа
афганичууд мэдээгүй байхад Орос, Америк хоёр мэдчихээд тулалдаж байсан
байгаа биз.
-Таны ярьсанчлан тодорхой үнэлгээ байхгүй
учраас лиценз эзэмшигч л хөзрийг гартаа авч тоглолтыг үргэлжлүүлдэг?
-Наадахыг
чинь л яриад байна шүү дээ. Үнэлээгүйгээс болоод ашиглалтын лиценз
авсан хүн эзэн нь болж суудаг. Үнэндээ тэр бол зүгээр л тусгай
зөвшөөрөл. Тэр ордыг ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн
тусгай зөвшөөрөл. Уул уурхай хөгжсөн орнуудад бүр тогтсон үнэлгээ гэж
байдаг. 473-аар нүүрсний уурхайг, 512-оор алтны ордыг гэсэн бүр
тогтчихсон стандартай. Түүгээрээ стандарталдаг. Манайд тэр стандарт
байхгүй. Байлгахыг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Уг нь социализмын үед
манайх стандарттай байсан. Гэтэл бодлогоор алга болгочихсон. Стандартыг
тогтоож байж л, тэрхүү шаардлагыг хангасан нөхцөлд хувьцаат компани
байгуулдаг жишиг тогтоох хэрэгтэй байгаа юм. Тэр стандартад багтаад
орчихсон компанийн хувьцааг худалдаж авахад айдасгүй. Энэ бол
хөрөнгийн зах зээл хөгжихөд маш том түлхэц болно.
-Гэвч
Монголын хөрөнгийн зах зээл баталгаатай болж чадсан уу?
-Сүүлийн
хэдэн жил сонгодог гольдрол руугаа орж, хүмүүс ч энэ хөрөнгийн зах зээл
дээр ажиллаж сураад байна. Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг
хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хэлэх ёстой нэг зүйл бол дэлхийн болоод
Монголын сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийн эх үүсвэрүүд дээрээ
хувьцаат компани байгуулах явдал. Энэ бол Монголд хөрөнгийн зах зээл
хөгжих хамгийн чухал эхний зорилт нь. Дэлхийн баячуудын мөнгө алга
болчихоогүй халаасандаа байж л байгаа. Тэр мөнгийг татаад төвлөрүүлчих
боломжтой хувьцаат компанийг байгуулаач гэдэг асуудлыг би гурван жил
ярьж байна. Ерөөсөө эхний ээлжинд гурван салбар дээр л үнэт цаас гаргая л
даа. Манай улс бол ашигт малтмалын орон, ордууддаа түшиглээд хувьцаа
гаргаж болж байна. Эсвэл хөнгөн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбарууд
байж болно. Гурав дахь нь нийгмийн салбар. Энэ салбарт ч хувьцаа
гаргадаг, манайхан л мэддэггүй болохоос биш. АНУ, Япон, Германы
олимпийн хороо нь хувьцаат компани байдаг. Харин манай Олимпийн хороо
болохоор Олимп дөхөөд ирэхээр амьтнаас мөнгө гуйгаад л явдаг. Энэ
байдлаасаа татгалзах хэрэгтэй л дээ, уг нь.
-Таны хэлсэн
салбаруудаас одоогийн нөхцөлд аль нь илүү тохиромжтой вэ?
-Монголын
хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр нь хувьчилсан 11
ашигт малтмалын орд бүхий хувьцаат компани бүртгэлтэй байдаг.
“Багануур”, “Шивээ-Овоо”, “Могойн гол”, “Шарын гол”, “Монгол алт” гэх
мэт. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа хувьцаат компаниудын
хамгийн өндөр үнэтэй хувьцаа нь эдгээр компаниудынх байна. Сүүлийн хоёр
жил өссөн. Бүр мартагдаж бараг нүүрсний орд нь шавхагдаж байгаа
компаниудын хувьцааны ханш өссөөр байна. Зарим хүмүүс Монголын хөрөнгийн
зах зээл дээр ашигт малтмалын ордуудын хувьцаа арилжаалагдах болоогүй
байна гэсэн ямар ч мэдээлэлгүй юм ярьж байна лээ. Гэтэл арилжаалагдаад
17-18 жил болж байна шүү дээ.
-Энэ мэтээс эхлээд
манайхны хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт тааруу нь мэдэгддэг. Ер
нь хөрөнгийн зах зээл гэж чухам юуг хэлдэг юм бэ?
-Англи
хэлний капиталист маркет гэдэг үг монгол хэлэнд хөрөнгийн арилжаа
хэмээн орчуулагддаг. Хөрөнгийн зах зээл гэдэг ойлголтыг бид их олон
талаас нь авч үзэх ёстой юм. Энэ талын ойлголтгүйгээсээ болоод
хүссэнээрээ амжилтад хүрэхгүй байна л даа. Эхлээд эдийн засаг гэж юу вэ,
санхүү гэж юу вэ гэдгээ ялгаж салгаж чаддаг байх ёстой. Ямарваа нэг
юмыг бүтээх чадварыг эдийн засаг гэж нэрлэдэг.Тэрхүү бүтээх чадвар
биеллээ олохдоо хамгийн түрүүнд мөнгийг ашигладаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө
оруулалт. Эдийн засаг гэдэг энэ чадамжийг ажиллуулахад хэрэгтэй мөнгийг
судсаар нь шахаж өгдөг тэр юм нь санхүү. Санхүүг манайхан нягтлан бодох
ч гэх шиг, тайлан ч гэх шиг буруу ойлгодог. Үнэндээ бол эдийн засагт
мөнгөөр үйлчлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг системийг санхүү гэж ойлгож
болно. Эдийн засагт үйлчилдэг санхүүг дэлхий нийт гурав хувааж үздэг.
Нэгдүгээрт, зээл олгодог банкны санхүү. Хоёрдугаарт, чадамж, өөрийнхөө
бүтээх гэж буй зүйлээ барьцаалан үнэт цаас гаргаад түүнийгээ худалдаалах
замаар санхүүгийн орлого олохыг хөрөнгийн зах зээл гэж ойлгож болно.
Харин гурав дахь нь ямар нэг байдлаар эдийн засгийн чадамж эрсдэлд орвол
түүнээс давж гарахын тулд даатгалын санхүүгээр үйлчлүүлдэг. Хамгийн
товчоор хэлэхэд ийм байна. 500 жилийн түүхтэй капиталист нийгмийн энэ
амжилт бол дайн тулаан, алдаа оноо, мянга мянган эрсдэл, хүний амь нас
гээд олон бэршхээлийг даван туулсан. Гэсэн хэдий ч өнөөдөр ч
төгөлдөршөөгүй л байна. Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн түүхэнд би өөдрөг
ханддаг. Хорин жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр ажилласан Монгол
улсын төр засаг, үүнийг хариуцаж байгаа байгууллагууд мөн энд үйл
ажиллагаа явуулж байгаа төрийн болоод хувийн өмчийн олон байгууллага
боломжийн хэмжээнд амжилттай ажилласан гэж би бодож байгаа. Энэ
хугацаанд сайн ч юм байсан, саар ч юм байсан. Алдаатай гэж үзэх юм бол
өмч хувьчлалын үйл ажиллагааг хөрөнгийн зах зээлийн сонгодог утгыг
цагийн зүүний эсрэг эргүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл хувьцаат компани
байгуулаад үнэт цаасаа зарж мөнгөө босгодог хөрөнгийн зах зээл дээр
социализмын үед нэгэнт байгуулагдчихсан үйлдвэр аж ахуйн газруудыг
байгуулах гэж байгаа юм шигээр сэтгээд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр
ард түмэндээ өгсөн тэр явдал. Гэхдээ бид энэ алдаагаа засч, цагийн
зүүний дагуу явж эхэлсэн. Сүүлийн гурван жилийн дотор “Монгол
шилтгээн”, “Хөх ган”, “Анод”, “Зоос” гээд арав гаруй нээлттэй компаниуд
гарч ирсэн. Өнөөдөр байгаа 727 мянган хувьцаа эзэмшигчийн 500 гаруйгаас
бусад нь Монголын иргэд. 2009 оны сүүлээс төр засаг энэ салбарт анхаарал
хандуулах боллоо. Энэ бол эерэг дүр зураг шүү.
-Хувьцаат
компанийн аливаа асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн
шийддэг дэлхий нийтийн жишиг байна. Өөрөөр хэлбэл таны хэлсэнчлэн
“Анод”, “Зоос” хувьцаат компани юм бол тэдний дампууралд төр засаг
хөндлөнгөөс оролцох эрхгүй шүү дээ?
-“ Анод” “Зоос”
зэрэг банк дампуурсан гэдэгтэй би санал нэгддэггүй. Санал нэгдэх биш
хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яагаад гэхээр энэ хоёр банкны хувьцаа
эзэмшигчид байна. Манай хөрөнгийн бирж дээр бүртгэл, хувьцаа нь байж
байна. Үүнийг хүчингүй болгох эрх хэнд ч байхгүй. Яагаад гэхээр хувьцаат
компанийн аливаа асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг. Түүнээс
Монголбанк ч юмуу Санхүүгийн зохицуулах хороо шийдэхгүй. Хуулийн
этгээдийн хамгийн дээд эрх бол хувьцаа эзэмшигчид, нийт гишүүдийн хурал
байна. Хувьцаа эзэмшигчдээс дээд эрхтэй байгууллага гэж Монголд байхгүй.
Манай төр засгийн гаргасан тэрхүү шийдвэр бол хууль бус. Дээр нь өөртөө
маш их ял үүрсэн буруу шийдвэр байсан.
Хувийн банкны хадгаламж
эзэмшигчдийн хадгаламжийг төр хариуцна гэдэг зах зээлийн эдийн засагтай
оронд байхааргүй гаж үзэгдэл шүү дээ. Уг нь тэр хадгаламж эзэмшигчид
гэдэг чинь өөрийнхөө сул чөлөөтэй мөнгийг банкинд хадгалуулаад хүү авч
мөнгө олох гэсэн хүмүүс шүү дээ. Ашгийн сонирхолтой шийдвэрийн
хариуцлагыг төр хариуцаж байгаа нь буруу. Тэгээгүй байсан бол
монголчуудыг илүү хурднаар зах зээлд сургах болно. Харин төрийн бодлогын
буруугаас болоод хохирсон хувьцаа эзэмшигчдээс уучлалт гуйж, хохирлыг
барагдуулж өгч болно. Бид хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй юм бол
Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй шүү дээ. Хэчнээн хувьцаа гаргаад
хөрөнгө оруулагчид баталгаатай хөрөнгө оруулдаг баталгаатай ашгаа
хүртдэг тогтолцоог бүрдүүлж өгөхгүй бол энэ салбар хөгжихгүй. Хөрөнгийн
зах зээл гэдэг маань энэ үнэт цаасыг арилжих замаар олсон мөнгөөр эдийн
засгийг бий болгохыг л хэлж байгаа юм. Аливаа улсад хөрөнгийн зах зээл
хөгжихөд хамгийн чухал юм нь юу байна гэхээр хувьцаат компани бий
болгож, хувьцаа гаргах асуудал. Хувьцаа гаргаагүй байж хөрөнгийн зах
зээлийг хөгжүүлэх тухай яриад байвал инээдэм.
-Тэгвэл
“Монгол 999” нэгдлийн тухайд таны бодлыг сонсмоор байна?
-“Монгол
999” нэгдлийг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэй хүний хувьд, зах
зээлийг макро эдийн засгийн түвшинд ойлгож байгаагийн хувьд дээд зэргээр
дэмжиж байгаа. Бололцоотой зөв зүйлийг хийж байна. Үзэл баримтлал
цаашаа их зөв тогтож, зөв үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна.
Үүнийг би гурван зүйлээр тайлбарлая л даа. Нэгд, монголчуудын хувьд эв
нэгдэлтэй байх тухай их ярьдаг. Тэгээд нэгдэж байсан уу гэвэл Их Монгол
улсын үед нэгдэж тулгар төрийг бий болгож байсан. Энэ нь улс төрийн
хувьд нэгдсэн Монгол их гүрний том нэгдэл байж. Хоёрдугаар их том нэгдэл
бол үндэснийхээ эрх чөлөөний төлөө тэмцэж, нэгдэж чадсан 1911, 1921 оны
тухай бид бас ярих ёстой. Гэхдээ санхүүгийн нэгдэл ерөөсөө хийж
чаддаггүй байсан. Монголын ард түмний санхүүгийн нэгдэл анх удаа “Монгол
999”-өөр гарч ирж байна. Энэ бол Монголд бий болох эдийн засаг буюу
чадамжуудыг бий болгоход монголчууд өөрсдөө хөрөнгө оруулах анхны том
алхам юм. Энэ бол улсын төсөв биш. Энэ бол Монголыг цаашид хөгжүүлэхэд,
ашигт малтмалын ордуудыг ашиглахад, хөрөнгө оруулалт хийхэд цаашлаад
үндэсний унасан салбаруудыг сэргээхэд ихээхэн ач тустай. Унасан салбар
гэдэгт би мал аж ахуй, газар тариаланг нэрлэж байна л даа. Сүүлийн үед
ашигт малтмал гэж бужигнаад л байна. Яг нарийндаа монголчууд бид мал аж
ахуй, газар тариалангаа хөгжүүлэх ёстой юм шүү дээ. Манайхан нэг их том
том яриад л байдаг. Яг нарийндаа бол бидний хувь заяа аягандаа байгаа
гурилтай шөлөөрөө л хэмжигдэнэ. Өнгөрсөн жилийн зуднаар мал олноор
үхлээ. Одоо энийгээ яаж босгох вэ гэдэгт төрийн бодлого хэрэгтэй байна.
Төр уул уурхай, ашигт малтмалаас түр амсхийгээд ард иргэдийнхээ
өнөөдрийн хоолны хийц, алижиргааных нь үүсвэр болсон энэ салбарт
анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчууд эх орныхоо эрх ашгийн
үүднээс нэгдэж байгаа энэ нэгдлийг зөв талаас нь дэмжвэл миний саяын
яриад байгаа салбарууд дээр ч нэгдэл бий болно. Сүүлийн үед Монголд
гадныхныг шүтэх үзэл хүчтэй дэлгэрч байгаа нь улаан гэрэл асаасан
түгшүүрийн дохио шүү.
-Ярилцсанд баярлалаа.
А.Эрдэнэтуяа