Дугуй ширээний ярилцлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Дугуй ширээний ярилцлага эхэллээ

“Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага Их тэнгэрийн харшид эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Давосын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж байгаа энэ дугуй ширээний уулзалт ярилцлага хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уул уурхайн салбарыг зүй зохистой хөгжүүлэх, түүний дотор энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн үр ашигтайгаар хийх вэ гэдэгт анхаарал хандуулах юм. Өнгөрөгч онд Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн форумд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын төлөөлөгчдөд уул уурхайн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг үр ашигтай, улс орнуудын эдийн засаг болоод ард иргэдэд үр өгөөжтэй байлгах үүднээс аль ч улс оронд эрдэс баялгийн ямар салбар гэдгээс үл шалтгаалан хэрэглэж болох хөрөнгө оруулалтын загвар гэрээг бий болгох саналыг гаргасан нь дэмжлэг хүлээжээ. Тиймээс Давосын эдийн засгийн форумын төлөөлөгчид анх удаа Монгол Улсад ирж, энэ сэдвээр олон улсын хэмжээний дугуй ширээний уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа нь энэ юм. “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагад гадаадын хорь гаруй төлөөлөгчид, түүний дотор Давосын эдийн засгийн форум болон Дэлхийн банкныхан, Рио Тинто зэрэг уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид, Монголын талаас Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар, төрийн бус байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл оролцож байна. Үдээс өмнө нэгдсэн хуралдаантай бөгөөд үдээс хойш салбар хуралдаануудыг зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр чөлөөт ярилцлагыг өрнүүлэх юм. Хэлэлэлцэх асуудлын нэгд өнгөрсөн онд УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний түршлагаас хуваалцах явдал ч мөн орж байгаа юм байна. Хуралдааныг даргалах үүргийг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж