Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн
Өнөөдөр болох үйл явдлын тойм
- Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог Давосын чуулга уулзалт байгууллагаас өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа Улаанбаатар хотноо “Эрдэс баялагийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Энэхүү ярилцлагад олон улсын нэр хүнд бүхий шинжээчид, уул уурхайн хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Уул уурхайн салбарт оролцогчдод харилцан ашигтай байх тийм загвар гэрээг боловсруулах талаар Их Тэнгэрт хоёр өдөр ярилцах аж. Хөрөнгө оруулалтын гэрээг илүү нээлттэй, ил тод болгох тогтолцоо болон, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах зэрэг асуудлууд мөн энэ үеэр яригдах болно.
- Чад улсад үүрэг гүйцэтгэх II ээлжийн цэргийн багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа 11 цагаас Зэвсэгт хүчний жанжин штабын өмнөх талбайд болно. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага болон 264 энхийг сахиулагч, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцоно.
- Дэлхийн банкнаас хийсэн Монгол дахь ядуурлын судалгааны үр дүнг танилцуулах уулзалт 10 цагаас Дэлхийн банкны төлөөлөгчийн газрын байранд эхэлнэ. Уулзалтанд Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Эндрю Мэйсон оролцоно.
- Чилийн Сангийн сайдын зөвлөх асан Эрик Прадо-той хийх “Төсвийн тогтвортой байдал” сэдэвт нээлттэй уулзалт 17 цагаас МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн байрны 3-р давхрын 314 тоотод болно.
- Өнөөдөр Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр “Занаду арт” галерейд үзэсгэлэн гаргажээ. Уралдааны дүн өнөөдөр гарна.
- Монголын хүүхдийн ордонд “Зуны амралт-2010″ үзэсгэлэн-яармагийн нээлт өнөөдөр 12 цагаас болох аж. Энэхүү үзэсгэлэн яармагийг Монголын хүүхдийн ордон, “Номын амт” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхэд багачууд зуны амралтаа зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй бүх мэдээллийг өгөх юм байна. Хүүхдэд зориулсан үйлчилгээ явуулдаг компани, байгууллага, зуслан, сургалтын төвүүд, “Мобиком” зэрэг компани, “Оюуны хөгжил спорт төв”, “Монсудар”, “Ирмүүн”, “Интерпресс”, “Мөнхийн үсэг”, Өдөр шөнө” хэвлэлийн газрууд үзэсгэлэн яармагт оролцох аж. Үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжилнэ.
- -Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд Солонгосын кино өдрүүдийн нээлт “Өргөө” кино театрт 18 цагаас болно. Энэ кино өдрүүдээр ”Аминаас илүү амь”, ”Цунами”, ”Миний амьдралын дурсамж”, “Миний дүрсгүй найз охин” зэрэг киног үнэ төлбөргүй гаргах аж.
- Монгол-Францын төвд “Үнсгэлжин” үзэсгэлэн үргэлжилж байна. “Африкаас Ази хүртэл Үнсгэлжингийн үлгэрүүд та бүхнийг өнөөгийн эмэгтэйчүүдийн бодит амьдралыг сахиусан тэнгэр нүдээр олж харахыг урьж байна. Хаяг: МУИС-ийн гадаад оюутан, багш нарын байр.
- -2010 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах буудлага спортын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид нийт 10 дасгал болон хийн урт, гар бууны төрлөөр өрсөлдөж байна.
- Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Клубуудын цомын аварг шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилнэ.