
Зургадугаар сарын 11-ний орой Киргизийн өмнөд хэсгийн гол хот Ошт узбек үндэстнүүдийн гэр байшин, эзэмшиж байсан дэлгүүр хоршоог галдан шатааж, мод төмрөөр зэвсэглэсэн хүмүүс узбекүүдийг хөгшин залуу, эр эм ялгалгүй зодож, буудаж эхэлсэн. Энэ замбараагүй байдал тэр дороо зэргэлдээх Жалалабадад тархаж, айн сандарсан хүмүүс таван километрийн зайтай Узбекийн хилийг даван амь зулбахыг оролдож эхэлжээ. Гэсэн ч киригизүүд хилийн наана узбекүүдийг отон хүлээж зодож нүдэн, машин тэрэгнийх нь цонх, шилийг хагалан буцааж байжээ. Гэсэн ч 75 мянган узбек хил давж чаджээ. Нөхцөл байдал хүндэрч магадгүй болсон тул Узбек хилээ хаахаас өөр аргагүй болсон байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээгээр одоо 200.000 мянган узбек Киргизэд орох оронгүй болоод байгаа аж. Өчигдрөөс НҮБ хүмүүнлэгийн барааг Узбект дүрвэн очсон иргэдэд хүргэсэн байна.
Киргизийн 5.5 сая хүн амын 15 хувь нь узбек юм. Хил залгаа узбек, киргизүүд олон зуун жилийн турш харилцан найртай амьдарч ирсэн. Гол төлөв наймаа худалдаа эрхэлдэг суурин суурьшилтай узбекүүд, нүүдэлчин мал аж ахуйтай киргизүүд олон зууны турш бие биеийнхээ хэрэгцээг нөхөн амьдарч ирсэн түүхтэй. Узбекүүд гол төлөв нутгийн өмнөд хэсгээр суурьшин амьдардаг. Гарал угсааны хувьд турк бүлэгт хамаардаг, узбек, киргиз хэл нь нэг хэлний бүлэг хамаарагддаг. Хоёул лалын шашин шүтлэгтэй.
1920-иод онд Узбек, Киргиз ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсоноор хоёр үндэстний амьдралын хэвшил эрс өөрчлөгдсөн. Нүүдлийн амьдралтай киргизүүдийг ЗХУ-ын төрөөс явуулсан Газрын шинэчлэлийн хүрээнд суурин амьдралд оруулан том хотууд байгуулагдаж эхэлсний нэг нь Ош юм. Төд удалгүй газар нутаг, хүн амын бүтцийг харгалзалгүй Бүгд найрамдах Узбек, Киргиз улсуудыг байгуулснаар узбек иргэд давамгай суурьшсан Ош хот Киргизийн засаг захиргаанд үлдсэн аж. Ошийн нэгэн адил киргиз иргэд давамгай суурьшсан хотууд ч Узбект хэд хэд байдаг. Ошийн узбек иргэд гол төлөв жижиг, дунд бизнес эрхэлдэг бол киргизүүд нь гол төлөв төрийн захиргааны албанд ажилладаг аж.
Өнөөдөр Киргизэд болж буй үйл явдлыг ярихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад болсон төрийн эргэлтийн тухай ярих хэрэгтэй болно. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиевийг сөрөг хүчнийхэн эсэргүүцэн улмаар Бакиев эх орноо орхин гарсан билээ. Тэрбээр одоо Беларуст бүгж байгаа. Түүний орыг Роза Отунбаева залган одоо Киргизийг удирдаж буй. Беларус руу гарахын өмнө Бакиев Жалалабадын ойролцоох төрсөн тосгондоо хэсэгт хэсэг бүгсэн. Ер нь өмнөд хэсгийнхэн ерөнхийлөгч Бакиевийг буулгасныг буруушааж байгаа юм. Зарим ажиглагч зургадугаар сарын 11-ний хэрэг явдал санамсаргүйгээр өрнөөгүй, зохион байгуулалттай байсан гэж үзэж байгаа. Гэсэн ч ерөнхийлөгч асан Бакиед энэ хэрэгт огт хамаагүй болохоо мэдэгдсэн.
170 узбек амь үрэгдэж, 1500 гаруй нь зодуулж нүдүүлэн гэмтсэн гэсэн мэдээг албан ёсоор өгч буй ч амь үрэгдэгсдийн тоог дарж байх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Улаан загалмайн ажилтны мэдээгээр нэг оршуулгын газар нэг дор 100 гаруй хүнийг хөдөөлүүлсэн аж. Нөхцөл байдал намжаагүй байгаа ч ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отумбаева төлөвлөсөн ёсоор зургадугаар сарын 27-нд бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ Мягмар гаригт мэдэгдээд байна. Олон улсын байгууллагын зүгээс сонгууль, санал асуулга зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байхыг сануулсаар байгаа ч Киргизийн эрх баригчид төлөвлөснөө хийх шийдвэр төгс байна. Энэ санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдэх юм. “Бид санал асуулга явуулах хэрэгтэй. Үгүй бол одоогийн болж буй үйл явдлууд улс орныг мөхөл рүү нь хөтлөх болно” хэмээн мягмар гаригт Бишкек хотын иргэдтэй уулзах үеэрээ Роза Отумбаева хэлсэн байна. Үндсэн хуулиа өөрчилснөөр аажмаар парламентын засаглал руу шилжинэ хэмээн Роза хүсч байгаа юм. Ирэх аравдугаар сард Киргизэд ерөнхийлөгчийн сонгууль явуулах тов гараад байгаа. Дипломатч Роза улс орноо тохинуулах зориг шулуудсан нь түүний сүүлийн үед авч байгаа арга хэмжээнээс харагдаж байна. Ошийн хэрэг явдал хүндрэхэд Роза Отумбаева ОХУ-аас цэргийн тусламж хүссэн Дмитрий Медведев татгалзсан юм. Хариуд нь Роза “Бид хэрэг явдлаа өөрсдөө шийдэж чадна” хэмээсэн. Санал асуулга явуулахаа зарлахын зэрэгцээ Лондонд нисч очоод саатуулагдаад байгаа Бакиевийн хүүг Киргизэд шилжүүлэн өгөхийг Англиас шаардаад байна.
Улс төрийн учир шалтгаан Ошийн хэрэг явдалд байгаа ч Киргизэд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл гол шалтгаан гэж үзэх хүн олон байна. Сүүлийн таван жилийн дотор Киргиз хоёр дахь удаагаа сөрөг хүчний гарт ороод байгаа. Улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн улс орны эдийн засаг тогтворгүй. Импорт давамгайлсан эдийн засагтай. Эдийн засгийн хөгжлийн хувьд Киргизийн өмнөд, хойд хэсэг ихээхэн ялгаатай. Нийслэл Бишкек хот орших хойд хэсэг өмнөхөө илүү үйлдвэржсэн, алт болоод ураны ордуудтай. Харин өмнөд хэсгийн амьжиргааны эх үүсвэр нь хөдөө аж ахуй бөгөөд амьдралын төвшний хувьд хойд хэсгээсээ дорой. Ядуурал, ажилгүйдлийн төвшин өмнөд хэсэгт өндөр. Дэлхийн банкны 2008 оны мэдээгээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 740 ам.доллар.
Ерөнхийлөгч Бакиев таван жилийн өмнө Засгийн эрхэнд гараад өмнөд хэсгийг илүү хяналтдаа авч байсан бол энэ удаад Роза Отумбаева хойд хэсгээ хяналтдаа байлгаж байгаа. Зургадугаар сарын 27-ны санал асуулга улс оронд нь амар амгаланг авчирна гэдэгт итгэлтэй ганц хүн байгаа нь хатагтай Роза.
Д.НАРАНТУЯА