Брокер, дилерийн компаниуд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Брокер, дилерийн компаниуд бэлэн үү?

Хөрөнгийн биржийг хөгжүүлэх талаар эрчимтэй ярих боллоо. Юутай ч Монголын хөрөнгийн биржид гадны баг ирж ажиллах нь нэгэнт тодорхой болж, монголчууд Лондонгийн биржийг сонгоод байна. Өдгөө Лондонгийнхон биржийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж буй бөгөөд ирэх хоёрдугаар сард багтаан эцэслэн шийдвэрлэхээр шат шатандаа ханцуй шамлан ажиллаж буй. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмших, эргэлтэд оруулахдаа үүнтэй холбоотой арилжаа, эргэлтийг иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн брокер дилерийн компаниудаар дамжуулан гүйцэтгүүлэх ёстой. Иймээс энэ үед Монголын брокер, дилерийн компаниуд хэр бэлтгэлтэй байна вэ гэдэг асуудал урган гарч ирж байна.
Хувь хүн, аж ахуйн нэгжийн өмнөөс итгэл найдвар хүлээн хөрөнгийн зах зээлд оролцох болохоор брокер дилерийн компани маш хариуцлагатай чухал сонголт байх нь тодорхой. Хөрөнгийн захын нэг онцлог бол “Нарантуул” эсвэл “Бөмбөгөр”-ийн лангуунаас мөнгөө бариад хүссэн бүхэн очиж бараа худалдаж авдагтай адил биш. Заавал мэргэжлийн байгууллагаар дамжуулж энэ захад хүрэх учиртай. Өдгөө Монголын хөрөнгийн бирж дээр 45 брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжилтний хэлснээр бол Монголын хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулахад хангалттай хэмжээнийх гэнэ. Тэд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг ба үүргийн хэрэгжилтээр аль нь ямар компани вэ гэдгийг харж болно. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2010 оны хагас жилийн байдлаар брокер, дилерийн компаниудыг дээрх үзүүлэлтээр жагсаасныг сонирхуулъя. Жагсаалтыг “Монхан трейд” тэргүүлж, “Би Ди Сек” удаалж, “Нортенсек” гуравт орж байна. Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын хувьд “мода”-нд ороод буй Монголын хөрөнгийн захын үйл ажиллагаанд оролцохоор гадны тоглогчид орж ирсээр байгаагийн дотор брокер дилерийн компаниуд ч байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтай брокер дилерийн найман компани байгаа юм. Та жагсаалтаас дээрх компаниудын мэдээллийг хараарай.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэн бүр хувьцаа эзэмших учраас орон нутгийн иргэдэд ч брокер, дилерийн компаниуд хэрэгтэй болно. Гэвч өнөөхөндөө хөдөө орон нутагт ажиллаж буй брокер дилерийн компаниудын үйл ажиллагаа зардлаа нөхөх хэмжээнд ч ашигтай байж чаддаггүй байна. Тиймээс орон нутгийн төр захиргааны байгууллагаас зарим нэг талаар дэмжлэг үзүүлэх, байр орон сууцаар хангах тухай саналыг тэд гаргаж байна. Одоогийн байдлаар Завхан, Өмнөговь аймагт брокер дилерийн компани байдаггүй юм байна. Харин Орхон аймаг дахь брокер дилерийн компани татан буугдахад “Би Ди Сек” компани салбараа нээжээ.

Брокер дилерийн компаниудын арилжааны шимтгэлийн өнөөгийн дундаж ханш хоёр хувь байна. Арилжааны шимтгэлийн дээд хэмжээг 2007 онд шинэчлэн тогтоож Улаанбаатарт дөрөв, орон нутагт 4,5 хувь байхаар тогтоосон байна. Тэгэхээр энэ үнэд багтаан брокер дилерийн компаниуд нэг хувь хүртэл хэмжээгээр арилжааны шимтгэл авч болох ажээ.Хөрөнгийн зах зээлд арилжааны банкууд орж ирэх тухай сүүлийн үед яригдах болсон. Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаараа гүйцэтгэж байгаа арилжааны банкуудыг хөрөнгийн захад оролцуулснаар брокер, дилерийн компаниудыг шахах бодлого болно гэж болгоомжлогсод ч бий. Тэгвэл арилжааны банкууд хөрөнгийн захад кастадион банкны үйлчилгээ үзүүлэх зорилгоор орж ирэх ба брокер, дилерийн компанийн ажлыг хийхгүй хэмээн албаныхан хэлж байна лээ.

Б.Cүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж