
Бодлогын хүүг нэмснээр зээл хумигдана аа гэж эдийн засагчид, бизнесмэнүүд анхааруулаад байхад манай албаны эх сурвалжууд зээл олголт буураагүй гэж мэдэгдэж байна. Харин харсаар байтал хэрэглээний үнийн индекс өсч, инфляци гаарч байгаа нь олон нийтэд ил байгаа учраас инфляцийн буруутанг хайх аргаа олж ядаж байна.
Жил болгон зохион байгуулагддаг Хандивлагч орон, олон улсын байгууллагуудын уулзалт дээр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Монгол иргэдийн гар дээр дэндүү их мөнгө эргэлдэж байгаа учраас махны үнэ өсч байгаа. Тийм учраас Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн” гэсэн тайлбар өгчээ. Мундаг тайлбар байгаа биз. Монгол Улсын иргэдийг их мөнгөтэй гэж басамжилж, эрэлт нийлүүлэлтээсээ болж өсч байгаа махны үнийг ямар ч эдийн засгийн үндэслэлгүйгээр тайлбарлажээ. Махны үнэ өсч байгаа нь нөөцөө дутуу бэлтгэсэн, урин дулаан цагт малаа нядалддаггүй монгол зан заншилтай холбоотой гэдгийг Ерөнхийлөгч маань мартсан уу, сайн эдийн засагч биш гэдгээ харуулав уу. Бусад эдийн засагчид болохоор инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл нь эрх баригчид эх орны хишиг хэмээн 70 мянган төгрөг тараасан болон удахгүй дахиад 50 мянган төгрөг тараана, төсвийн байгууллагын ажилчдын цалинг нийтэд нь 30 хувь нэмнэ гэж амласнаас үүдэлтэй гээд байгаа…?
Дашрамд сануулахад Үндэсний статистикийн хорооноос гаргасан ээлжит мэдээлэлдээ инфляци нийслэлд 16, орон нутагт 13 хувь болоод байгаагийн бурууг мөн махны үнэ рүү чихсэн билээ. Энэ хоёр жишээгээр бол инфляци өсөөд байгаа нь “мах”-ны л буруу юм байна.
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн яриад байгаа тэр их мөнгө хаана байна вэ? Өнөөдөр бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болж, эдийн засгаа хөргөөх нь гэж болгоомжилж байна. 2008 онд ид цэцэглэж байсан барилгын салбар унтаа байдалд хэвээрээ л байна. Тэгэхээр тэр их мөнгө нь амьдрал дээр биш эрх баригчдын бэлэн мөнгөний амлалт хийгээд төв банкны төсөөллийн “цаасан” дээр л байгаа бололтой.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч нь махны үнэ ярьж л суудаг. Эдийн засагч мэргэжил, мэдлэг дутагдаж байгаагийн нэг гай болов уу. Энэ ч нэг хэрэг. Угаасаа түүнийг банкны талаар маруухан мэдлэгтэйг нь хууль тогтоогчид аль хэдийнэ мэддэг болоод, одоо уучлангуй ханддаг болсон бололтой юм. Гэтэл төрийн мөнгөний бодлого хаана байгаа, тэрийг хэн зангидах ёстой билээ, гэж эрх баригчдаас дахин асуумаар байна.
Махны үнэ, инфляци гэж ярьсаар сүүлийн хоёр жил бодлогын хүүг өсгөсөн нь эдийн засгийн хөгжлийг боомилсон, эдийн засгийн зах зээлээс дэндүү хол, харалган шийдвэр болсон гэдгийг аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид хэлсээр байгаа. Бодлогын хүү өндөр байна гэдэг маань зээлийн хүү өндөрсөх, ингэснээр зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээг багасгаж, эдийн засгийг хумих нөхцөлүүдийг бүрдүүлж өгдөг. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж, Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх ирмэг дээр эдийн засгаа урт хугацаагаар боомилох нь хэр оновчтой вэ, Монголбанкны эрхэм ерөнхийлөгч өө.
А.АНУ