Хуульд нэмэлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хуульд нэмэлт оруулахыг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Манай улсын хүн ам мах, гурил, сүү, цагаан будаа, элсэн чихэр зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг. үүнээс дотоодын үйлдвэрлэлээр мах, сүүний хэрэгцээгээ 100 хувь, гурилын хэрэгцээгээ 44 хувь, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор хангаж байна. Эдгээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтворгүй байнга хэлбэлзэж байгаа нь иргэдийн амьжиргаа, худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс хууль батлагдсанаар мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр, улаан буудайн гаалийн тарифын хувь хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын Их хурал эрх олгосноор Засгийн газар өөрчилж байх эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал хангагдаж үнэ тогтворжиж дотоодын үйлдвэрлэгчдийн ялангуяа гурил, улаан буудай үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх боломж бүрдэнэ. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, тухайн салбарт ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжээс улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өсөх юм.
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургац алдсан тохиолдолд гурил, улаан буудайг импортоор авч хүн амын хэрэгцээг хангах, ургац арвин жил хэрэгцээгээ дотоодоос бүрэн болон ихэнхийг хангах тохиолдол байнга гарч байна. Иймээс улаан буудай, гурилын үйлдвэрлэл, импортыг гаалийн татварын уян хатан бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учир хуулийн төслийг боловсруулжээ.

ХУУРАМЧ ЭМТЭЙ ТЭМЦЭНЭ

Засгийн газрын хуралдаанаар ”Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”-ийг сайшаалаа.
    Стратеги болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
    Манай оронд 1994 оны 10 дугаар сард анх хуурамч пенициллин, 2001 онд их хэмжээний хуурамч витамин В комплекс эмийг Буянт-Ухаа боомтод илрүүлэн устгаж байжээ. 2005-2007 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 147 нэрийн эмийг судалгаанд хамруулахад 28 нь стандартын бус, хуурамч байсан  нь манай зах зээлд хуурамч эм байгааг илтгэсэн үзүүлэлт юм.
    Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй, эмийн үндэсний зохицуулалт муу, мөрдөж байгаа хуулийн хэрэгжилт хангалтгүй, оногдуулах шийтгэл сул, авлига болон сонирхлын зөрчил их, олон давхар зуучлагчтайгаар нийлүүлэгддэг, нийлүүлэлтээс давсан эрэлттэй, өндөр үнэтэй, хамтран ажиллагч талуудын хамтын ажиллагаа сул зэрэг нь эмийг хуурамчаар үйлдвэрлэхэд нөлөөлдөг байна.

    Үндэсний стратегид :
Эм, эмнэлгийн хэрэгсэл
Биологийн идэвхт бүтээгдэхүүн

Гоо сайхны бараа, нүдний шил, нүдний контакт линз зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх бүтээгдэхүүнийг хамруулсан байна.
Манай улсад хувийн өмчид тулгуурласан эм, эмнэлгийн хэрэгслийн 34 үйлдвэр, 136 ханган нийлүүлэх байгууллага, 1026 эмийн сан байгаа бөгөөд 821 эм зүйч, 1503 эм найруулагч ажилладаг.
Монголчууд 30 гаруй улсын 200 үйлдвэрийн 1500 эм, ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын 41 үйлдвэрийн 67 эмийн түүхий эд, эх орны үйлдвэрийн 51 нэрийн эмийг бүртгэн эмчилгээ, оношлогоонд хэрэглэж байна.
Мөн эмийн шинжилгээний лаборатори нь хийх ёстой шинжилгээний 60 гаруй хувийг л хийдэг гэсэн судалгаа гарчээ.

ТАМИРЧДЫГ ШАГНАВ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, кураш бөх, таэквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, 2009 оны сүүлийн хагаст болсон жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, шатрын их мастер, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, пара таэквондо, сонирхогчдын шатар, жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан нэр бүхий тамирчид, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ДҮГНЭВ

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын 2009 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батласан журмыг үндэслэн 2009 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, дээрх аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрд нь нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов.

Үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлэн, дүгнэх ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байх, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

ТОВЧХОН

Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хуулийн төсөл болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов.

Тухайлбал 1.0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20000 төгрөг олгох тохиолдолд 2009 оны статистик гүйцэтгэлээр нийт  981,6 мянган хүүхдэд жилдээ 235,6 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Энэхүү нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй байна.
Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлахдаа хүүхдийн, шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн зэрэг нийгмийн халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохицуулж байсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Ийм шийдвэр гараад хагас жил болоогүй байх тул төслийг дэмжих боломжгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө аль алийг нь давхардуулалгүй нэг цонхоор явуулах нь зүйтэй гэсэн байр сууринаас Засгийн газар хандаж байна.

Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд “Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай” Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

“Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

“Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт оруулах тухай, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-”д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд монголын талаас шаардагдах хөрөнгийг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын үеэр баримтлах удирдамжийг зүйтэй гэж үзэн Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг АНУ-ын Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд 2010 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

ОХУ-ын Москва хотноо 2010 оны зургадугаар сарын 28-30-ны өдрүүдэд “ОХУ болон Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнууд-Глобалчлалын эринд” сэдэвт 14 дэх удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод зөвшөөрөв.

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар ассамблейд оролцсон тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж