
Монгол Улс өнгөрсөн онд хүн амын шинэчилсэн бүртгэл болон хүн ам, орон сууцны тооллого хийсэн. Эдгээр бүртгэл тооллогын мэдээллийг үндэслэн иргэдэд хувьцаа тараах юм. Одоогийн байдлаар эцсийн дүн гараагүй байгаа ба урьдчилсан таамгаар нэг хүнд 550 ширхэг хувьцаа ногдох тооцоо байна. Гэхдээ энэ тоо эцсийн хувилбар биш гэдгийг нэмж хэлэх нь зүй болов уу. Юуны өмнө шууд арилжаалагдах боломжгүй байдлаар хувьцааг иргэдэд тараах зохицуулалтыг хийх бололтой. Учир нь 1990 оны өмч хувьчлалаар тараасан ягаан, ногоон тасалбарын алдааг дахин давтахгүй байх үүднээс хувьцааны хоёр хувилбар дээр ярилцаж байгаа аж. Энэ нь иргэдэд тарааж буй хувьцаа энгийн байх уу, давуу эрхтэй байх уу гэх хоёр хувилбар. Хэрвээ давуу эрхийн хувьцаа байвал энэ нь бусдад худалдах боломжгүй ба тодорхой хугацааны дараа энгийн хувьцаа руу хөрвөх хувьцаа байх юм байна. Харин ямар үнэтэй байх вэ гэх тооцоог холбогдох албаныхан хийж байна. Хувьцааны үнийг одоогоор тогтоох боломжгүй байгаа нь учиртай. Тус орд дээр Австралийн “Jorc” компаниар үнэлгээ хийлгэж буй. Үнэлгээ хийгдэж дууссаны дараа үүнийг үндэслэн хувьцааны үнэ тодорхой болох ажээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжүүд мөн хувьцаа худалдан авах эрхтэй болж байгаа. Эрх 2010 оны жилийн эцсийн байдлаар татварын өргүй компаниудад нээгдэнэ. Мөн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн байх ба гадаадын хөрөнгө оруулалт тухайн компанийн 25 хувиас ихгүй байх шаардлагыг тавьж байна.
Иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажлыг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хариуцан гүйцэтгэх юм байна. Гэхдээ ингэснээр хувьцаа эзэмших иргэн бүхэн тус байгууллагад очно гэсэн үг биш юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмших эрх бүхий иргэдийн тоо болон нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч мэдээллийн санд оруулах юм байна. Харин иргэд брокер, дилерийн компаниар дамжуулж хувьцаагаа эзэмших эрхээ нээлгэнэ. Иргэн бүр хувьцаа эзэмшиж байгаа болохоор энэ талаарх мэдлэгээ зузаатгах хэрэгтэйг зөвлөе. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 45 орчим брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тухай мэдээллийг хөрөнгийн биржийн www.mse.mn сайтаас орж танилцах боломжтой.
Хувьцааг хэдийнээс тараах вэ гэдгийг мэдээж хүн бүр сонирхож байгаа. УИХ-ын 39 дүгээр тогтоол ёсоор бол эхлээд иргэдэд хүртээх хувьцааг тараасны дараа үндэсний компаниудад эзэмшүүлэх хувьцааг худалдаж, дараа нь олон улсын хөрөнгийн зах дээр гарах асуудлыг тавина гэсэн үе шаттай юм байна.
Энэ дашрамад “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой бусад мэдээллийг хүргэе. Компанийн гүйцэтгэх захирлаар олон улсын хэмжээнд ийм хэмжээний ордыг хариуцан ажиллах чадвар бүхий туршлагатай мэргэжилтнийг сонгоно гэсний дагуу Австрали гаралтай хүнийг сонгоод буй. Харин ТӨХ түүнтэй цалингийн хэмжээн дээр тохиролцохгүй байгаа тухай яриа буй. Үүнийг Д.Сугар дарга үгүйсгээгүй ба “ярилцаж” байна гэсэн товчхон хариултыг өгч байлаа. Харин гэрээт олборлогчийн тендерийн нээлт өнгөрсөн пүрэв гаригт болсон байгаа. Тус тендерт Герман, Австрали, Энэтхэгийн гурван компани саналаа ирүүлснийг Үнэлгээний хороонд шилжүүлжээ. Тэгвэл өнөөдөр стратегийн хөрөнгө оруулагч буюу Тавантолгойн баруун Цанхийн хэсэгт ажиллах компанийг тодруулах тендерийн нээлт болно. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.