Ноён Бан Ги Мун Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай уулзаж, дурсгалын зураг татуулсан байна. Уулзалтын үеэр ноён Бан Ги Мүн монгол дайчдын тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвар бусад орны цэргүүдээс эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад НҮБ-ийн зүгээс талархаж явдгаа дурджээ. Манай зэвсэгт хүчний нэгдүгээр ээлж 2006 онд тус улсад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд НҮБ-ын тэргүүн Кофи Аннан айлчлалынхаа хөтөлбөрт Монголын цэргийн багийнхантай уулзах цаг гаргаж өгөхийг хүсч байсан аж. Энэ удаа ч дэлхийн дарга гэгддэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун Сьерра Леон улсад айлчлахдаа Монголын цэргийн багийнханд Онц дүн тавьсанбайна.
Сьерра Леон улсад өнгөрсөн хугацаанд Монголоос найман ээлжинд 2000 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн өдгөө есдүгээр ээлжийн 150 цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дэлхийн дарга өндрөөр үнэлжээ.
Д.ОЮУН