Төсвийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ. Гэтэл Төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад уг хуулийн төслийг хэлэлцэх нь учир дутагдалтай байна гэсэн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав. Тухайлбал, төсвийн хөрөнгийг ямар ажилд зарцуулж болох, мөн болохгүй талаар нарийвчлан тусгаагүй гэж УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир шүүмжилсэн юм. Хувийн компани үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлодог уурхай руу төсвийн хөрөнгөөр авто зам тавих нь зөв үү, үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компани  нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хөрөнгө гаргаж хийх ёстой ажлыг хэн нэг албан тушаалтны түлхээсээр төсвийн хөрөнгөөр хийгээд байх уу гэдэг асуултыг тавьж, төсвийн хөрөнгийг оновчгүй зарцуулах явдал газар аваад байгаа тул уг хуулийн төслийг Ардчилсан нам, МАН-ын бүлэг дахин хэлэлцэх ёстой гэж мэдэгдсэн.

Энэ саналыг ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Н.Ганбямба зэрэг гишүүд дэмжиж эхний хэлэлцүүлгийг хийхээс татгалзлаа. Хоёр намын бүлгүүдээр хэлэлцүүлсний дараагаар дахин нэгдсэн чуулганд оруулж ирэхээр МАН-ын бүлэг завсарлага авсан.

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Мөн Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батсуурь нарын гишүүд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ойлголтын зөрүүтэй асуудал тусгагдсан байна. Олон нийтийн ашиг сонирхлын компани гэж чухам юуг хэлээд байна вэ, Монгол Улсад жижиг дунд үйлдвэр байна уу, үгүй юу. Олон улсын жишгээр жижиг дунд үйлдвэр гэдэг нь 500-аас 1000 ажилчинтай байх ёстой. Үйлдвэрлэл эрхлэхийн тулд улсаас дэмжлэг авч байгаа мөнгөн дүнгээр нь харьцуулж үзвэл олон улсын жишигт жижиг дунд үйлдвэрийг улсаас 1 сая хүртэл еврогийн зээл хүсэж авсан байх зэрэг стандарт тавьдаг гээд Монгол Улсад жижиг дунд үйлдвэрийн ямар стандарт мөрдөгдөж байгаа талаар тодруулга хүслээ. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан хариулт өглөө. Монгол Улсын хувьд 100-500 сая төгрөг хүртэл зээл хүссэн, түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гэж ойлгодог аж.

Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт “Хуулийн төсөл боловсруулахдаа ОХУ-ын  хуулийн мэргэжлийн экспертүүд оролцуулж хууль боловсруулсан. Тэгэхээр ОХУ-ын компанийн тухай хуулиас санаа авсан байхыг үгүйсгэхгүй. Олон нийтийн гэсэн ойлголтын хувьд, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн бол тэдгээрийн хяналт байна гэсэн үг” гэж тайлбарласан. Нөгөөтэйгүүр манай үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож ажиллах хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд хамтарч ажиллах хороо байгуулах асуудлыг төр бодлогоор дэмжиж өгвөл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндэсний компаниуд олон улсын зах зээлд гарах боломжтой гэсэн юм.

Ингээд Компанийн тухай хуулийг дэмжих талаар санал хураахад УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 39 гишүүний олонхи буюу 51,9 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхийг дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж