Нөхцөл байдлыг үл харгалзан Киргиз санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Нөхцөл байдлыг үл харгалзан Киргиз санал асуулга явуулна


Улс орондоо үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан үндэсний санал асуулга явуулна хэмээн Киргизийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отумбаева өчигдөр мэдэгдлээ. Зургадугаар сарын 27-нд товлоод байгаа энэ санал асуулга нь Киргизийн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар байх юм. “Санал асуулга явуулж өнөөгийн засаг захиргаагаа бэхжүүлэхгүй аваас улс орон улам мөхөх болно” хэмээн Роза Отумбаева тайлбарлаж байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээгээр 75 мянган узбек Киргизээс дүрвэн Узбекэд ирээд байна. Тус агентлагийн тооцоолж байгаагаар Киргизээс гарч чадаагүй 200.000 орчим узбек байгаа аж. Дүрвэсэн иргэдэд өнөөдрөөс хүмүүнлэгийн тусламж хүргэнэ гэж НҮБ мэдээлж байна. 800 майхан ачсан эхний зургаан онгоц өнөөдөр Дубайгаас Узбекийн Андижан онгоцны буудал бууна. Дараагийн таван онгоцоор хөнжил, гудас болон бусад яаралтай тусламжийн эд барааг хүргэхээр төлөвлөжээ. Киргизэд байгаа узбекүүдэд тун удахгүй хүмүүнлэгийн тусламж хүргэх болно гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг мэдээллээ.
Энэ сарын 11-нд эхэлсэн Киргизийн өмнө зүгийн Ош болон Жалалабад хотод киргиз узбекүүдийн хооронд эхэлсэн үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 170 хүн амь насаа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн. Гэхдээ амь насаа алдсан хүний тоо үүнээс их байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Киргизийн 5.5 сая хүн амын 15 хувь нь узбекүүд бөгөөд тэд тус улсын өмнөд хэсгээр амьдардаг.  
киргиз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж