”Шантаажны улстөрч” гэдэгт би байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

”Шантаажны улстөрч” гэдэгт би байхгүй

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа. Тэр намын даргадаа өргөх бичиг барьсан МАН-ын дөрвөн гишүүний нэг.

-Сүүлийн үед тантай тааралдах амаргүй болж. Гадагшаа яваа юу?

-Үгүй ээ. Завханд, тойрогтоо арваад хоног ажиллаад ирлээ.

-Таныг нөгөө “өргөх бичиг”-нээсээ болоод нэг тийш зугатсан байх гэж бодсон шүү. Дөрвөн гишүүний ил захидлаас болоод гурван нөхөр чинь нэлээд хүнд байдалд орох шиг боллоо…?

-Би хаашаа ч бултаагүй, бултаж, зугатах хэрэг ч хийгээгүй. Нэгдүгээрт би нутаг руугаа явахаар эрт төлөвлөсөн байсан. Ер нь жилдээ хэд хэдэн удаа тойрогтоо ажилладаг. Тэр тусмаа заавал найр наадам хийдэг зун намраар гэхээсээ илүүтэй өвлийн хүйтнээр очихыг хичээдэг юм. Цагаан сарын наана, цаана гээд өвөлдөө дор хаяж хоёр удаа Завхан явдаг. Манай аймагт чинь өвөлдөө хамгийн хүйтэн, зарим газраа хасах 50 хүрдгийг мэднэ биз дээ. Энэ үед очиж, өвөлжилт ямар байна, малчид маань яажшуухан өвөлжиж байна, юу хэрэгтэй байна вэ гэдгийг газар дээр нь үзэж танилцах нь илүү үр дүнтэй. Нийслэлээс 1000 гаруй км зайтай болохоор төвөөс дарга нар очоод байх нь ч элбэг биш. Аймгийн удирдлага ч заримдаа хүрч очиход хэцүү, газар нутаг томтой аймаг шүү дээ. Тиймээс сонгогдсоноосоо хойш өвөл болгон л тойрог руугаа явж байгаа. Энэ жил эрт, оны өмнө  явах санаатай байсан ч ажил амжаагүй, тэгээд л сая яваад ирлээ. Гэхдээ явна гэдгээ нэлээд эрт оны өмнө төлөвлөөд, хамт явах хүмүүстэйгээ ч тохирчихсон байсан. Монголын үндэсний телевизийнхэнийг дагуулж очиж, Отгонтэнгэр уулын тухай, хөдөөний жирийн иргэдийн тухай сайхан нэвтрүүлэг хийлгэсэн юм. Тэгэхээр ил захидал биччихээд бултсан хэрэг бол биш байгаа биз.

-Тэгээд малчид ямархуу байна?

-Сая явахдаа өвөлжилтийн байдалтай танилцлаа. Хойд сумдаар цас нэлээд орсон байна. Бусад сумдаар ч ялгаагүй, ер нь л энэ өвөл манай аймаг нэлээд цастай байгаа. Гэхдээ би урдуур говийн сумд болон зүүн талын сумдаар ороод эргэсэн. Сонгогчдынхоо санаа бодлыг сонсохын хажуугаар намын гишүүддээ шинэ бат илэрхийлэлийг нь гардуулах ажлыг бас давхар хийлээ. Манай аймгаас улсын сайн малчин төрсөн. Дөрвөлжин сумын Буурал багийн  малчин, алдарт уяач Цэвэгдорж гуайд сайн малчны шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Алтан төлийн эздэд бас шагналыг нь гардууллаа. Идэр есийн ид хүйтэн тачигнаж байхад 3000 гаруй мянган км зам туулаад  ирлээ дээ.

-Уг нь “Сайн малчин”-ы шагналыг Засгийн газрын гишүүд олгож байхаар тогтсон санагдах юм. УИХ-ын гишүүд өөрсдөө өгч байгаа юм шиг барьж гүйгээд байж болж байгаа юм уу?

-Тийм тал ч бий шүү. Гэхдээ малчид маань шагналаа Төрийн ордонд хүрч ирээд авч тэр бүр чадахгүй. Шагнал гэдэг чинь  авч байгаа хүндээ сэтгэлийн дэм өгдөг. Тийм болохоор гардуулах нь хүртэл хүндэтгэл дагуулдаг эд. Зүгээр нэг замын унаагаар дайгаад явуулчихаж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн ирж, өөрийн биеэр шагналыг нь гардуулна  гэдэг чинь Монголын төр засаг тэр хүнийг хүндэлж байгаагийн илрэл.Түүнээс биш ганц шагнал гардуулах гээд  хэдэн мянган км газар хөхөө өвлийн хүйтнээр давхиад байх нь надад бол ямар ч “ашиггүй” зүйл л дээ.

-Таныг эзгүйд МАН-ынхан бужигнаж, захидал бичсэн дөрвөн гишүүнийг “Эсэргүү дөрөв”, “Элсний 13-ын эхлэл”, “Дөрвийн бүлэг” гэхчлэн янз бүрээр л нэрлэж байна. Шантаажны улс төрчдөөс салья гээд намын тань залуус хүртэл жагсаал цуглаан зохион байгууллаа?

-Би үнэндээ сайн мэдээлэл авч чадаагүй байна. Гэхдээ хэвлэлээс зарим нэг мэдээллийг харсан. Шантаажны улстөрч гэдгийн тухайд миний нэр байхгүй байгаа биз дээ. Тийм болохоор би энд өлгөж аваад, өөртөө хамаатуулаад тайлбарлаад байх юм алга. Бас шантаажилж, албан тушаалд хүрч байгаагүй, хүрэх гэж оролдож байгаагүй болохоор надад хамаатай зүйл ч гэж бодохгүй байна. Улсын бага хурлыг оролцуулвал би хоёрдахь удаагаа парламентад сууж байна. 1992 онд УБХ тарсны дараа бизнесийн салбарт хүч сорьж, ямар ч байсан амьдралаа аваад явчих хэмжээний болчихсон. Тэгээд л өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэр дэвшээд сонгогдсон нь энэ. Тэр хооронд төрийн албанд ажиллаагүй. Харин намд бол зүтгэсэн. 1996 онд МАХН ялагдаж, хүмүүс нүүр буруулж байхад үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг нь өөрийгөө гэж боддог. Тухайн үед намд хөрөнгө санхүүгийн дэмжлэг  хэрэгтэй байна гээд дарга нар ханддаг, надаас илүү хөрөнгө мөнгөтэй гишүүд нь хаяагаа манаж, дөлсхийдэг болчихсон тийм л үе байсан. Би харин өөрийнхөө хэрээс хэтэрсэн хэмжээгээр намынхаа үйл ажиллагааг дэмждэг байлаа. Мэдэх хүмүүс нь мэднэ. Б.Даш-Ёндон тэргүүтэй тухайн үеийн дарга нар сайн мэднэ. Бүр “Энэ залууг манай нам ямагт харж үнэлж явах ёстой” гэсэн агуулгатай бичиг шийтгэж, хадгалуулна гэсэн санаачилгыг  гаргаж байсан удаатай.  Энэ бүхний  хариуд би ийм тийм албан тушаалд очно гэж гүйж байсангүй. 2000 оноос хойш манай нам олон удаа эрх барьж, барилцаж байна. Магадгүй надаас  өөр “гүйдэг” хүн байсан бол сайд даргын албан тушаалд очих л байсан биз. УИХ-ын гишүүн гэдэг чинь үнэндээ Монголын хамгийн том албан тушаал юм шүү дээ.

-Намын даргад илгээсэн ил захидалд Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлж хамгаалсан үг хавчуулсан байсан. Гэтэл тэр хүн чинь шинэ нам байгуулаад, намын дэд дарга болоод гараад явчихлаа. Тэртэй тэргүй сонголтоо хийчихсэн хүнийг нэг нь өмгөөлж, нөгөө нь өөлөх хэрэг байсан юм уу?

-Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Хүн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн сонголтоо хийх бүрэн эрхтэй. Тиймээс Ц.Шинэбаяр өөрийнхөө сонгосон замаар л яваг. Тэр хүн улс төрийн зөв сонголт хийсэн үү, буруу сонголт хийсэн үү гэдгийг цаг хугацаа харуулаад, ард түмэн өөрсдөө шүүж тунгаагаад өгчихнө. Нөгөө талаар  манай намаас хүмүүс явж л байдаг, зарим нь эргээд ирж л байдаг. Тиймээс энэ бүхэнд ач холбогдол өгөх шаардлагагүй шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Дорнодчууд сонгосон. Олон түмний энэ сонголтод жаахан ч гэсэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг л сануулсан. 

-Захидлын цаана бас л хувийн сонирхол байгаа гэлцэж байна. Сайд хийх хүсэлтэй, байнгын хорооны даргаасаа уначихсан, уурласан хүмүүс  танай нам дотор байгаа биз дээ?

-Байгаа байх аа. Гэхдээ тэднийг тэглээ гээд буруутгаж болохгүй биз дээ. Хүн мэдлэг чадвараа үнэлье, илүү үүрэг хариуцлага хүлээе гээд санаачлага гаргах нь буруу зүйл бас биш. Гэхдээ энэ хүсэл, сонирхлоо яаж илэрхийлдгийг би мэдэхгүй. Миний хувьд дарга даамлын албан тушаал өдий хүртэл сонирхож явсангүй. УБХ тарсны дараа надад хэд хэдэн яамны дэд сайдын суудал санал болгож байсан. Би татгалзаж л байсан. 

-Дөрвөн гишүүн ил захидал явуулсан. Гэтэл нам хоёрыг нь онилж аваад гөвөөд байх юм. Таныг жишээ нь, У.Хүрэлсүхтэй найз болохоор эсэргүүцэл таныг тойроод байна уу?

-У.Хүрэлсүх бид хоёр жирийн сайхан харьцаатай нь үнэн. Олон жил энэ намын төлөө хамт зүтгэсэн хүмүүс. Тэглээ гээд  хувийн харьцаагаа ажил албатайгаа хольж, хутгаж  байсангүй. Хэрвээ холих байсан бол би намын даргадаа ил захидал өгч, ерөнхий нарийн бичгийн даргынхаа уурыг бараад л явах уу даа. Ил захидлын хувьд бүх асуудал ойлгомжтой байгаа. Намд байгаа болохгүй бүтэхгүй юмыг засья, анхаараач ээ гэсэн шаардлага л тавьсан. Амьдрал бүхэлдээ сайн сайхан байгаа юм алга шүү дээ. Боловсон хүчний томилгоо, хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн, стратегийн ордууд тойрсон асуудлуудыг намын жирийн гишүүдээс эхлээд олон хүн  шүүмжилж байгаа. Түүнийг намын удирдлага, намын нэрээр төрд сонгогдсон бид ч гэсэн сонсох л учиртай. УИХ-ын дөрвөн гишүүний ил захидал ч ийм л эрүүл шүүмжлэлүүдийн нэг. Аль эсвэл гишүүд бичсэн болохоор шүүмжлэл биш, өөр агуулгатай харагдаад байгаа юм уу.

-Уг захидлыг Ерөнхий сайдад бичсэн. Гэвч танай намын удирдлагууд илүү эмзэглэж хүлээж аваад байх юм?

-Тийм ээ. Өнөөдөр Монголын чадалтай, боловсролтой хоёр зуу гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Эх үр, эцэг хүүхэд, эхнэр нөхөр хилийн наана цаана амьдарч, амьдын хагацал амсч байна. Ажил хөдөлмөр эрхлэх насны 100 гаруй мянган иргэн гар аргаар алт боловсруулж, бид тэдэнд “нинжа” гэдэг нэр зүүчихээд сууж байгаа. Агаарын бохирдол, утааны асуудлыг хорин жил ярилаа, ямар ч үр дүнд хүрсэнгүй. Уул уурхайн асуудал яригдаж, том том ордуудын гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Гэхдээ ард түмний амьдралд бодитой хувь нэмэр үзүүлээгүй байна. Жил хагасын дараа УИХ-ын сонгууль болно. Сонгууль дөхөөд байдаг, бидний амлалт ажил хэрэг болж чадаагүй байна. Үүнийг л намын даргадаа, Монгол Улсын Засгийн газрын тэргүүндээ сануулсан. Үнэн үг хэлснийхээ төлөө адлуулна гэж байхгүй шүү.

-МАН-д “Дөрвийн бүлэглэл” төрлөө, Н.Энхбаярын хүмүүс ил гарч ирлээ гэхийг та сонссон биз дээ?

-Намайг хэний хүн гэж байна, бас Н.Энхбаярын хүн гэж байна уу? Хүмүүсийг янз бүрээр л нэрлэдэг, тэрний хүн, энэний талын нөхөр гээд. Надад бол тийм юм байхгүй. Намын шугамаар бүгдтэй нь л уулзаж ярилцаж, тусалж дэмжиж, хамтарч ажиллаж байснаас биш төрийн албанд хамт зүтгээд, албан тушаалд томилогдож байсангүй. Хэрвээ албан тушаалд хүргэсэн гэдэг агуулгаар нь хамаатуулвал би Завханы хүн. Завханы ард түмэн надад хамгийн өндөр саналыг өгч, УИХ-ын гишүүний албанд илгээсэн. Нөгөөтэйгүүр намайг МАН сонгуульд нэр дэвшүүлсэн. Би МАН-ын хүн. Түүнээс биш хэн нэгэн улс төрийн лидерийн нөмөр нөөлгөнд багтаж, фракц бүлэглэлд хамаарч явсангүй.

-Гишүүд нь элдэв захидал шидээд, намаасаа гарч гүйгээд, УИХ дахь МАН-ын бүлэг тарчих вий гэсэн болгоомжлол танай намынханд их байх шиг байна?

-Ийм ил захидал бичиж байна гэдэг МАН өөрөө эрүүл саруул байгаагийн нэг шинж. Гишүүд ярьдаг санаа зовдог зүйлээ л албан байдлаар захидал болгож бичсэн. Эрдэс баялгийн талаар төрөөс баримталдаг бодлоготой больё, Ашигт малтмалынхаа хуулинд өөрчлөлт оруулья, төсөв мөнгөө төлөвлөж зөв зүйтэй зарцуулья гэж л бодож энэ ил захидлыг бичсэн. Саяхан 2011 оны төсвийг УИХ-аар хэлэлцлээ. Сангийн сайд нь 2011 онд Монгол Улс 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гээд төсөв бариад орж ирсэн. Урьд нь 500-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан. Яагаад 76-хан тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм бэ? гэж Сангийн сайдаас асуухаар “Олон улсын валютын сантай гэрээгээ дүгнэсний дараа наад тоог чинь засчих юм аа” гээд хэнэг ч үгүй сууж байна. УИХ тоглоом юм уу? Монгол улсын төсвийн тухай хууль, дүрэм гэж хэдэн  зуун хуудас материал байж байхад Сангийн сайд ийм л хариуцлагагүй байгаа. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт том том гэрээ байгуулна гэж яриад л, яваад л байдаг. Тэгсэн хэрнээ Эрдэс баялагийн тухай төрөөс баримтлах бодлогоо өнөөдрийг хүртэл хийсэнгүй. Шаардаад шахаад байхад бас л таг чиг сууж байна. Ёстой нөгөө хариуцлаггүйн зуд нүүрлээд байгаа учраас л энэ захидлыг бичсэн юм.

-Гэвч таньтай хамт ил захидал бичсэн гурван гишүүн экс Н.Энхбаярыг илт дэмждэг гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ?

-Түүнийг өөрсдөөс нь асуу. Н.Энхбаяр ийм ил захидал бич гээд байгаа юм аа, хэдүүлээ биччихье гэж надад лав хэн нь ч хэлээгүй. Нэг өдөр уур нь хүрээд, гэнэтхэн захидал бичмээр санагдаад  биччихсэн ч юм биш. Улс оронд, тэрчлэн нам дотор байгаа болохгүй бүтэхгүй юмны тухай УИХ-ын гишүүд өөр зуураа бишгүй л ярьж, санаа бодлоо хуваалцдаг. Тэгж ярьж байгаад л ийм ил захидал бичсэн. Ерөнхий сайдын хувьд ажил алба ихтэй. Намын асуудал руугаа анхаарал хандуулах боломж хомс, зарим нэг асуудлыг анзаарахгүй орхидог биз. Дороос гарч байгаа жирийн гишүүдийн үгийг сонсох тал дээрээ хүний өөрийн гэлтгүй энэ томчууд чинь муу шүү дээ. Ойр тойрныхоо хэдхэн хүн, хүрээллээсээ л мэдээлэл авдаг. Тэр хүрээнээсээ цаадах зүйлийг олж харж чадахгүй байх шиг байна. Тиймээс намд гараад байгаа, гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаад байгаа зарим асуудлыг намын дарга маань мэдэхгүй, анзаарахгүй яваад байж магадгүй. Энэ асуудлуудад анхаарлаа хандуулаач ээ гэж сануулах үүднээс энэ ил захидлыг бичсэн. Түүнээс биш намаа эсэргүүцээд, эсвэл хэвлэлд янз бүрээр цоллуулах гэж энэ захидлыг бичээгүй. Эсэргүүгээрээ дуудуулах гэж бүр ч хүсээгүй.

-Ил захидал намыг хагалан бутаргалаа гэж ярих хүмүүс ч байгаа?

-Би энэ намтай 1987 оноос хувь заяагаа холбосон. Дархан хотод 1990 оны сонгуульд ардчиллын онолыг боловсруулсан гэж магтагдаж, ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг гэж нэг хэсэг нэрлэгдэж байсан Ж.Нэргүй доктортой өрсөлдөж ялалт байгуулж, УБХ-д 27 настай сонгогдож байлаа. Энэ намын нэрээр албан тушаалд хүрсэн, алдар нэр олсон хүмүүс намаа орхиод зугатааж байхад би намынхаа бүхий л үйл ажиллагаанд оролцож, чадах ядахаараа зүтгэж  явсан хүмүүсийн нэг. Надад намаа хагалж бутаргах, хаяж явах ямар ч санаа зорилго байхгүй. Харин энэ нам илүү дээшилж, дэвжээсэй, өргөжиж тэлээсэй. Намын бодлого ард түмний амьдралд ойр байгаасай гэж л хүсдэг мянга, мянган гишүүнийх нь нэг.

-Та “Монгол мал” хөтөлбөрийг үнэхээр “гүйж” байж батлуулсан. Энэ хөтөлбөр л батлагдчихвал малчдын амьдрал сайжирчихна гэж байсан санагдана. Одоо тэгээд бас юу дутсан бэ?

-Энэ хөтөлбөрийг батлуулснаар Монгол төрийн бодлогод монгол мал, монгол малчин хүн багтаж чадсан. Өнөөдөр мал маллаж  амь амьдарлаа залгуулж байгаа 170 гаруй мянган өрх бий. Энэ хэдэн мал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Махны үнэ нэмэгдэхэд монголчуудын амьдралд ямар хүнд тусдгийг бид мэднэ. Монгол хүнийг малаас нь салгаж болохгүйг ч ухаарцгааж байна. Тиймээс энэ хөтөлбөрийг батлуулсан. УИХ-ын гишүүд маань ч дэмжсэн. Хамгийн олон гишүүн санаачлагчаар нь гарын үсэг зурсан хөтөлбөр. Ийм тохиолдол манай парламентын түүхэнд байхгүй гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд байгаа биз /инээв/

-Энэ хөтөлбөрийг УИХ-д өргөн барихад их олон гишүүн гарын үсэг зурсан. Тэгэхээр таны нэр үлдэх үү?

-Наадахийг чинь харин бодох юм байна шүү /инээгээд/. За худлаа, тоглосон юм. Яаж ч бодсон “Монгол мал” хөтөлбөрийг Балдан-Очир санаачлаагүй гэж хэлэх хүн олдохгүй байлгүй дээ.

-Д.Балдан-Очир гэж  мал, малчин ярихаас цаашгүй нэг нөхөр байдаг гэж зарим нь ярьдаг. Та нээрээ өөр сэдвээр барагтай бол дуугардаггүй байх шүү?

-Сэтгүүлчид тэгж байна уу. Шоолох нэг нь шоолж л байг. Гэхдээ энэ хөтөлбөрийн үр дүн гарсны дараа шоолох хүн гарахгүй гэдэгт би итгэж байна. Монгол Улс эрүүл малтай, малынхаа түүхий эдийг хаана ч экспортод нийлүүлж чаддаг, малчид нь элбэг хангалуун амьдраасай гэж хүсдэг учраас энэ хөтөлбөрийг санаачилсан юм. Гэхдээ дандаа мал яриад байдаг “хөдөөний” нөхөр би бас биш шүү. Миний мэргэжил чинь эдийн засагч. Ер нь хүн УИХ-д яах гэж сонгогддог юм бэ? Та юу гэж боддог вэ, жишээ нь?

-Хувийн бизнесээ улам томруулах, албан тушаалаа ашиглан төсвөөс юм хусах, тендер авах гэж гишүүн болдог юм шиг байна?

-Ганц нэг тийм хүн байдаг байж болно, байдаг ч байх. Хуралдаа суухгүй, хууль санаачилж бүр харагдахгүй нөхдүүд ч байдаг. Гэхдээ ихэнхи нь бол үгүй байх гэж найдаж байна. Ер нь бол ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо төлөө мэдлэг чадвараа зориулах боломжийг өөртөө гаргах гэж сонгогддог гэж би ойлгодог. Ийм л зорилгоор би УИХ руу зүтгэсэн. Тэр зорилгын маань дотор хэдэн томоохон баримт бичиг, хууль батлуулчих юмсан гэсэн хүсэл бий. Тэрний нэг нь “Монгол мал” үндэсний хөтөлбөр. Харин нөгөө нь татварын орчныг шинэчлэх. Хүн амын орлогын албан татварын талаар би нэг хуулийн төсөл санаачилсан. АТГ-т хүмүүс хөрөнгө орлогоо мэдүүлдэг шиг Монголын бүх иргэн, баян нь ч ядуу нь ч татварын албанд орлогоо тодорхойлж өгдөг болох юм. Энэ тогтолцоо хэрэгжээд эхэлбэл бүх хүний хөрөнгө орлого тодорхой болно. Буруу замаар мөнгө олсон бол түүнийгээ шингээх аргагүй болно. Одоо АТГ-т өгч байгаа хөрөнгө орлогын мэдүүлгээр бол тухайн албан тушаалтан гэнэт том хэмжээний хөрөнгөтэй болчихсон байлаа гэхэд түүнийгээ нэг найзаасаа, хамаатнаасаа бэлгэнд авсан гээд л тайлбарлачихдаг. Хэрвээ тэр хүн нь төрийн албанд ажилладаггүй л бол АТГ түүнийг нь шалгаж тогтоох боломжгүй. Дуудаад асууна. Тийм ээ, би найздаа, ахдаа тийм юм бэлэглэсэн гээд хэлчихнэ. Ингээд л болоо. Харин бүх хүн орлогоо татварын албанд мэдүүлдэг болчихвол цаад бэлгийн эзэн үнэхээр хүнд их хэмжээний хөрөнгө мөнгө бэлэглээд байх нөхөр мөн үү, тухайн жил тийм орлого олж уу гэдэг нь давхар гараад ирэх учраас нөгөө цэцэглээд байгаа авилгыг арилгахад өндөр ач холбогдолтой. Дээр нь далд эдийн засаг байхгүй болно. Бас иргэдийн хөрөнгө орлого тодорхой болж, төрөөс үзүүлэх халамж дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнүүд ч эзэндээ хүрэхэд хялбар. Сотогийн “Капиталын нууц”-ын ид шид ч энд байгаа шүү дээ.

-Энэ тухай та бараг хоёр жилийн өмнө л ярьж байсан. Одоо болтол урагшаа алхаагүй л байгаа биз дээ?

-Үүнийг хийхийн тулд улс төрийн шийдэл, эр зориг хэрэгтэй. Цаг нь болоогүй гэсэн бодолтой хүмүүс бий. Манай намын дарга, Ерөнхий сайд С.Батболд үүнийг маш их дэмжиж, цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч дэмжиж байгаа. Энэ мэтчилэн УИХ-д байхдаа хийхээр төлөвлөсөн том ажлууд хэд хэд бий. Банкны тухай, Төв банкны тухай хуулиас эхлээд гардаж хийсэн томоохон ажлууд бас хэд хэд байна. Ер нь шоуддаг биш хийдэг, бүтээдэг улс төрч байх юмсан гэж боддог.

-Шоуддаггүй гэдэг ч харин илүү үг байх аа. Цагаан сараар телевизээр дуулаад, клип хийлгээд явааг тань юу гэж ойлгох вэ? УИХ-ын гишүүн хүнд хэр зохимжтой гэж та бодож байна?

-Би ТВ-5 телевизийн “Түмэндээ барих түшээдийн бэлэг” нэвтрүүлэгт хоёр жил дараалан оролцож, ард түмэндээ ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ жил ч бас оролцоно. Үүнийгээ буруу ч гэж боддоггүй. УИХ-ын гишүүн, сайд дарга гэхээр л тэнгэрт гарчихсан, өөр заяаны хүмүүс биш шүү дээ. Би жирийн малчны хүүхэд. УИХ-ын гишүүд ч бусдын л адил амьдралтай, уйлдаг дуулдаг, уярдаг хайлдаг хүмүүс. Заавал телевизээр гэлтгүй хөдөө тойргийнхоо сонгогчидтой уулзаад явж байхдаа ч би заримдаа дуулдаг. Сумын ард иргэд уулзахаар зарим нь нутгийн идээний дээж гээд  ганц шил юм хүртэл задлана. Түүнийг нь задлаад тойрч суугаад ярьж байхдаа хүмүүс бүгдээрээ л дуулдаг. Би ээлжээ ирэхээр  аяны дугараа барьж л орхидог. Монголчууд дуунд дуртай ард түмэн. Тэр бүр уулзаж учраад байх боломжгүй болохоор ард түмэндээ сар шинийнх нь өдөр цэнхэр дэлгэцээр дамжуулаад золгож, бас ая дуугаараа мэндчилж байна гэдэг үүднээс би телевизийн энэ нэвтрүүлэгт орох дуртай. Ямар хувийн компанийн сурталчилгаанд тоглоод яваа биш. Харин энэ далимд танай сониноор дамжуулаад Монголын нийт ард түмэндээ айлчлан ирж буй туулай жилийн мэндийг хүргэе.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж