Хэрвээ илүү олон эмэгтэйчүүд ажил хийвэл Японы улам бүр багассаар байгаа ажил хүчний тоо хэдэн саяар нэмэгдэж магадгүй гэж Японы Засгийн газрын судалгаа үзүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн цалинг нэмэгдүүлж илүү уян хатан ажлын байрны соёл хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээсээ болж ажлаасаа гардаггүй байсан бол Японы ажиллах хүчин 4.5 сая хүнээр нэмэгдэж магадгүй. 2009 оны байдлаар Японд 27.7 сая эмэгтэйчүүд ажил хийж байсан бол 38.4 сая эрэгтэйчүүд ажиллаж байжээ. Тус судалгаанд Японы эдийн засагт үзүүлж буй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдэд хүүхдээ өсгөхөд нь тусалсан илүү уян хатан ажлын цагтай болгох хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Судалгаанаас үзвэл Япон эмэгтэйчүүд 30-аад насандаа ажлаасаа их гардаг бөгөөд үүний нэг шалтгаан нь цалин бага байдгаас үүдэлтэй байж магадгүй бололтой.
Японд эмэгтэй ажилчдад өгч байгаа урамшууллын хэмжээ эрэгтэй ажилчдад олгож буй урамшууллын 40 хувьтай тэнцдэг бөгөөд ажил хийсэн цагийн хөлс нь эрэгтэй ажилчдын 70 хувьтай тэнцэж байна. Японы эдийн засаг дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг гэж тооцогддог хэдий ч хүн ам нь хурдан хөгширч байгаа улсуудын нэг. Мөн төрөлтийн төвшнөөр дэлхийд хамгийн доогуур улсуудын нэгд тооцогддог. Японы Засгийн газрын тооцоолж байгаагаар 2050 он гэхэд Японы хүн амын 40 хувь нь 65 наснаас дээш настай байх аж. Ажиллах хүчин багасна гэдэг нь Японы эдийн засгийн татварын суурь багасч байна гэсэн үг. Одоогийн байдлаар тус улсын ДНБ-тэйгээ харьцах Засгийн газрын өр 200 хувь хүрээд байна. Хэрвээ татвар төлөгчдийн тоо нь жил ирэх бүр багассаар байх юм бол энэ өрөө төлөх нь Японы Засгийн газарт улам бүр хүнд болох юм.
Т.БАДРАХ
Холбоотой мэдээ