Гуравдагч хүчний орон зай

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Гуравдагч хүчний орон зай

Айл гар болж тоглох нь буюу гуравдагч хүчний орон зай

Эрх барьж буй хоёр намын стандарт бус тоглолт хэм хэмжээнээс хэтэрч, олон нийтийн санаа бодлоос хол зөрүүтэй бодлого гаргах болсон энэ үед улс төрийн гурав дахь хүчний байр суурь илт үгүйлэгдэж, орон зай нь эзгүйрч байна. Тэр орон зайн дээр тоглох гэсэн улс төрийн сонирхол ч идэвхижиж буй нь МАН-ын зарим гишүүд намаасаа гарч Монголын алдарт хувьсгалт нам /МАХН/ хэмээх шинэ намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн явдал.

Өнгөрсөн пүрэв, баасан гаригуудад намынхаа Онц их хурлыг хийсэн МАХН-ын нөхдүүд хэрэг дээрээ дээд шүүхэд бүртгүүлсэн нэрээ тайлж хаячихаад хуучин “Хувьсгалт” нэрээрээ хуралдсаныг ч харсан, МАХН-ын өнгөрсөн 70 жилийн түүхийг их намтайгаа булаалдаж, үүгээрээ улс төрд байр сууриа эзлэх гэж улайрч байгааг харсан ч энэ намаас ямар нэг шинэ зүйл хүлээх хэрэггүй гэдэг нь тодорхой болж байна. Үндсэндээ 90 жилийн түүхтэй МАХН одоогийн удирдлагуудын авч яваа МАН, хуучин даргынх нь авч үлдсэн МАХН гэсэн хоёр толгойтой болж, харин намын дунд, доод шатныхан хэнийг нь дагахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байх шиг.

Яг ийм үед Монголын улс төрийн гурав дахь хүчин буюу Иргэний зориг, Ногоон намын нэгдэх үйл явц өрнөж байна. Өнөөдөр "Чингис" зочид буудалд болох гарын үсэг зурах үйл ажиллагаанд намын дарга нараас гадна ИЗН-ын Удирдах зөвлөл, Ногоон намын Бага хурлын гишүүд нийлсэн 40 гаруй хүн оролцох юм байна. Ногоон намын хувьд Бага хурал гэдэг нь ИЗН болон МАН-д байдаг Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг аж. Намууд нэгдэх асуудлаар намын дарга нар гарын үсэг зурсны дараа ирэх сард ч юм уу, Их хурлаа хийж, улс төрийн шинэ залуу хоёр нам нэгэн дээвэр дор багтах бололтой. Тиймээс хоёр намыг нэгтгэх асуудлаар намын дарга нар эчнээ тохиролцож, албан тушаалынхаа эрэмбэ дарааг ч тогтож авцгаасан тухай чих дэлсэж байна. Одоо чих дэлсээд байгаагаар бол Ногоон намыг татан буулгаж, ИЗН-д нэгтгэн даргаар нь УИХ-ын гишүүн Д.Энхбатыг тавих бололтой.

Мөн Ногоон намыг татан буулгах асуудал тус намын гишүүдийн дунд багагүй эсэргүүцэл дагуулж байгаа бол ИЗН-ынхны хувьд намын даргаа Д.Энхбатад өгөхгүй гэх хүн ч бас мэр сэр байгаа гэнэ. Учир нь Ногоон нам гарал үүслийн хувьд ИЗН-аас түрүүлж байгуулагдсан, сонгуульд орлоо гэхэд Дээд шүүхэд бүртгүүлсэн эрэмбээрээ МАХН, АН хоёрын дараа бичигдэх ёстой. Харин ИЗН-ын хувьд өнгөрсөн хугацаанд Д.Ням-Осорын Үндэсний эв нэгдлийн нам, МБНН, Л.Дашнямын тэргүүлж асан Монголын төлөө нам, Орон нутгийн хөгжлийн нам гээд таван ч намыг нэгтгэсэн, сүүлийн гурван ч удаагийн сонгуульд УИХ-д суудал эзэлсэн гэдэг утгаараа нэгдсэн намын даргыг ИЗН-аас тавих зүйтэй гэсэн хэр таарсан амбицийг намын гишүүд илэрхийлж байгаа аж.

Нэг талаас харвал ИЗН-ын дарга С.Оюун сүүлийн гурван удаагийн сонгуульд намаасаа ганцаараа сонгогдсон ч бие даан нэр дэвшигчээс дээрдэхээргүй, УИХ-аас гаргаж байгаа бодлого шийдвэрт нөлөө багатай явж ирсэн нь намаа нэгтгэх болон намын даргын суудлыг нөгөө намдаа шилжүүлэх шийдвэрт хүргэсэн байж болно. Өөрөөр хэлбэл, үүгээр дамжуулан гурав дахь хүчний нэгдлийг бий болгож, ирэх сонгуульд илүү өргөн фронтоор орохыг зорьж буй хэрэг. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Р.Гончигдорж МСДН-ыг МҮАН-д нэгтгээд намынхнаасаа “урвагч” нэр дуулж, намынх нь зарим гишүүд “Шинэ Социал Демократ нам” гэгчийг байгуулан тусдаа гарч байсан одоо бол тухайн үед МҮАН-д нэгдсэн экс МСДН-чууд буюу “Алтангадас”-ууд Ардчилсан намын нэг гол цөм болж, бодлого тодорхойлолцож байгаа билээ. Р.Гончигдоржийн хожил энэ байв. С.Оюун ч ингэж харсан байхыг үгүйсгэхгүй. 

Гэвч намын нэр гэдэг улс төрийн намын имидж болоод рейтингийн бараг тал хувь нь. Бодитоор нь харвал Ногоон нам анх 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш 2008 онд л анх удаа УИХ-д суудал эзэлсэн, ИЗН-тай харьцуулахад улс төрийн нэр хүнд, туршлагын хувьд дутмаг харагдаж болно. ИЗН-тай адил Монголын улс төрийн хоёр дахь том хүчин Ардчилсан намаас авахуулаад БНН гэх мэт нэг хүний намтай хүртэл эвсч нэгдэж, алдаж онож явсан баялаг түүх Ногоон намд байхгүй. Гэвч МАХН, Ардчилсан нам хоёрын хооронд, баруун, зүүний үзлийн дунд тэлэгдэж, анх нам байгуулан гарч ирсэн үзэл онол нь ч тодорхойгүй болон бүдгэрсэн ИЗН-ын дэргэд Ногоон нам гэдэг улс төрийн цоо шинэ “брэнд”. Ялангуяа дэлхий нийтээр байгаль орчны асуудалд хамгийн их анхаарал тавьж, дэлхийн улс төрийн том бодлоготонгууд салбарт хөрөнгө хаях болсон энэ цаг үед Монголд ч бас Ногоон намын орон зай улам тэлэх болно. Үүний нэг илрэл нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. 

Харин ИЗН-ын хувьд “С.Зоригийн хэрэг илэрсэн цагт энэ намын төгсгөл ирнэ” гэж үзэж байсан үе саяхан. Гэвч энэ хэрэг илэрсэн, илрээгүйгээс үл хамааран ИЗН-ын орон зай улс төрд хумигдаж байгааг сүүлийн хоёр сонгуулийн үр дүн харуулсан. Зөвхөн С.Зориг агсны тухай домог, С.Оюун гишүүний хувийн рейтинг дээр энэ нам тогтож ирсэн билээ. Хэрвээ С.Оюун намын даргаа өгвөл энэ намын түүхийнхээ төгсгөл рүү л явна гэсэн үг. Тэр үед энэ намын нэрэнд байгаа, Ногоон намыг татан буулгах шалтаг, шалтгаан болж байгаа С.Зориг агсны нэр нэгдсэн намыг аврах нь юу бол. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намууд домгийн сэтгэлгээнээсээ ангижирч, аль болох прагматик байр сууринаас асуудалд хандах цаг болсныг удаа дараагийн сонгуулиудын үр дүн харуулж байгаа. Тиймээс Монголд эзгүйрээд байгаа улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэхийн тулд намуудын дарга  нар нэг нь нөгөөдөө сүй бэлэг тавьж, айл гэр болж тоглохоос илүү алсыг харсан бодлого явуулах шаардлагатай болж байна.

Нэгдсэн намын нэр ИЗН байх нь ашигтай юу, Ногоон нам нь ирээдүйтэй юу?

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж