
1966 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд хөл тавьсан Хойд Солонгосын баг агуу өрсөлдөгчийнхөө эсрэг чанга тоглолт үзүүлсэн.

Энэхүү тоглолтын дараа Бразилийн дасгалжуулагч Дунга “Эхний тоглолтын үеэр үргэлж л сандрах, уурлаж бухимдах асуудал үүсдэг. Бид бүгд л гоол оруулахыг хүсч, хаалгандаа гоол алдахгүй байхын эрмэлзсэн. Тоглолтын үр дүнд би бүрэн сэтгэл хангалуун биш байгаа ч тоглогчдын сэтгэл зүрх хүчтэй байгаад баяртай байна” гэжээ.
Харин энэ тоглолтын өмнө Бразил, Хойд Солонгосын багийн хамт үхлийн хэсэгт таарсан Кот Д’Ивуар болон Португалийн багийн тоглолт Порт Элизабет хотноо өрнөсөн. Дэлхийн аваргын хамгийн сонирхолтой тулаануудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан хоёр багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хуваасан. Гоолын бороо асгаруулсан тоглолт болно хэмээн хөлбөмбөг сонирхогчдын таамаглаж байсан энэ тоглолтод ганц ч бөмбөг хаалганд ороогүй. Ялангуяа үзэгч, фанатууд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөс ямар нэг зүйл хүлээж байсан нь лавтай. Сүүлийн 16 сарын турш шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд гоол оруулж чадаагүй Рональдуд 10 дахь минутад гоолын боломж тохиосон ч “Заанууд”-ын хаалгач Бэрри хаалгаа бат хамгаалж чадсан юм. Ерөнхийдөө тоглолт маргаантай, ширүүн өрнөсөн гэж болно.
Энэ тоглолтод оролцохгүй гэгдэж байсан Премьер лигийн мэргэн бууч Дидье Дрогба 65 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн боловч багтаа төдий л хувь нэмрээ оруулж чадаагүй.
Мөн өчигдөр дэлхийн аваргын дэвжээнд “F” хэсгийн Шинэ Зеланд болон Словакийн багийн тоглолт өрнөж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. 50 дахь минутад Роберт Виттек гоолдсоноор Словакийн багт тэргүүлэл авчирсан боловч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рейд тэнцээний бөмбөгийг оруулсан юм.
Ийнхүү “F” хэсгийн хоёр тоглолт хоёул тэнцээгээр өндөрлөж, бүгд нэг, нэг оноотой болоод байгаа бол “G” хэсгийг Бразилийн баг тэргүүлж байна.
С.Цэлмэг