Ардчилсан намын генсек бууриа сахилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын генсек бууриа сахилаа

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ХХХIII хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон ч, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг огцруулах ажиллагаа бүтэлгүйтэж, Ардчилсан хүчний холбоо хүчтэй байгаагаа харуулав. Төлөвлөгөөгөөр бол “Алтангадас”-ынхан МоАХ-ныхантай хүчээ нэгтгэн, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар томилох ёстой байв. Гэвч Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болохоос хэдхэн цагийн өмнө УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй хэсэг нөхөд “Алтан гадас” фракцынхантай уулзаж, нэлээд хатуухан шаардлага тавьсан гэх. Тэр нь хамтарсан Засгийн газрын хувь заяанд ч халдаж мэдэх хатуухан шаардлага байсан тул арга буюу МоАХ-ныхонтой байгуулсан хэлэлцээрээ хүчингүй болгохоос аргагүйд хүргэжээ. Хэлсэн үгэндээ эзэн болж чадаагүй “Алтан гадас”-ынхны энэхүү урагшгүй үйлдлийг МоАХ, МҮДН-ныхан эсэргүүцэхдээ энэ удаагийн ХХХIII хуралдааны танхимын гадна гарахад хүргэсэн тухай эх сурвалж онцолсон бол МоАХ-ны зүгээс намын ерөнхий нарийн бичгийн даргад Э.Бат-Үүлийг биш, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржийг томилох сонирхол түлхүү байж, түүнийг нь “Алтан гадас”-ынхан таалаагүй тул, төлөвлөгөө нуржээ гэх албан бус мэдээлэл ч бас байгаа юм.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо нь 223 гишүүнтэй ч, энэ удаагийн ХХХIII хуралдаанд 123 нь хүрэлцэн ирж, ирц 54 хувьд хүрсэн тухай генсек Д.Эрдэнэбат хуралдааны эхэнд онцолсон ч, Төрийн ордны Их танхимд 100  хүрэхгүй шахам гишүүн байв. Хэрвээ Ардчилсан хүчний холбооны гишүүд бусад фракцынхан шигээ ирцээр бойкот хийсэн бол хурал хойшлогдож,  дахин зарлагдах байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэг тийм билигдлийн чанартай хуралдаан эхэлж, намын дарга Н.Алтанхуяг “Монгол хүн-2020” хөтөлбөрөө танилцуулав.  Хөтөлбөрт монгол хүн бүрийг ажилтай, орлоготой, боловсролтой, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан байх зарчмыг мөрдлөг болгожээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр  хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх болсон ч, ажилгүйдэл ядуурал буурахгүй байгаа нь “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулах үндсэн зорилт болжээ. Тоон үзүүлэлт дурдвал Монгол Улс хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19 дүгээр байрт жагсдаг. Нэг хүнд ногдох газрын баялаг тэр дундаа нүүрсээр авч үзвэл хоёр хөршөө хол хаяна. Монголын нэг иргэнд 8275 тонн нүүрс ногдох бол орос хүнд 1105 тонн нүүрс, хятад иргэнд 86 тонн нүүрс ногдож  байгаа .  Харин нэг хүнд ногдох ДНБ-ийг харьцуулалтаар урвуу. Монголын нэг иргэнд ногдох ДНБ 2232 төгрөг, тиймээс дэлхийд 135 дугаар байрт ордог. Хүний хөгжлийн индексээр мөн л авах юмгүй, 169 орноос 100-д жагсдаг, ажилгүйдэл, ядуурлын төвшинг харьцуулах юм биш, бүр холоо хаягдсан. Тиймээс “Монгол хүн-2020” хөтөлбөр бол ядуу амьдарч байгаа иргэнээ дундаж амьдралтай болгоход чиглэх аж. Биелүүлж чадвал, сайхан л зорилт. Гэхдээ монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх 10 жилийн зорилт тавьсан энэхүү хөтөлбөртэй холбогдуулж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дундаас асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул, санал хурааж, “Монгол хүн-2020” хөтөлбөрийг орон даяар хэлэлцүүлэхээр болж, шийдвэрлэсэн юм. 

Хуралдаан хоёрдугаар асуудалд шилжиж,  Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат намын дүрэмд ямархуу өөрчлөлт оруулах гэж байгаа талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалжээ. Ажлын хэсгийн зүгээс намын дүрэм цаг үеэ элээж, шинэ цагийн улстөрийн хүчний бодлогыг тодорхойлоход шаардлага хангаж чадахгүйд хүрсэн тул өөрчлөх шаардлагатай гэж үзсэн байв. Барууны үзэл баримтлалтай тус нам дүрмээ хуучин коммунист хэлбэрийн намын дүрэм дээр дэглэж орхисон байсныгаа олж харсан бололтой. Тиймээс ард түмнээс олонхийн санал авсан гишүүнээ намын удирдах байгууллагад оруулдаг байх үндсэн дүрмийн концепци боловсруулахаар зорьж, ажлаа эхлүүлсэн тухай тэрбээр тодотголоо. Энэхүү ард түмний сонголтыг  шүтсэн намын дүрмийг 2011 онд багтаан боловсруулж дуусгана, болж өгвөл 2012 оноос эхлэн мөрдөхийг чармайна. Харин дээрх хугацаанд хүртэл дүрмийг намын бүх шатны байгууллагуудаар хэлэлцүүлж, саналыг нь тусгахаар ажлын хэсгээс шийдвэрлэж, намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн дэмжлэг хүлээсэн тухай мэдээлэв. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд оролцсон гишүүд ч дээрх саналыг дэмжиж, баталснаар энэ удаагийн ХХХIII хуралдаан өндөрлөж, өнгөрсөн долоо хоногийн турш шуугиулсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүлээр солих яриа биеллээ олсонгүй, хуучин генсек бууриа сахиж үлдэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж