Х.Владимир: Тавантолгойн гэрээ монголчуудад ашигтай байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Х.Владимир: Тавантолгойн гэрээ монголчуудад ашигтай байх ёстой

Эрдэс баялгийн үндэсний хорооны
тэргүүн доктор Х. Владимир өнөөдөр Тавантолгойн гэрээний талаар
хэвлэлийн бага хурал хийлээ. Одоо байгаа баримтаар Тавантолгойн ордыг
гурван хэсэг болгосон бөгөөд эхний хэсэг нь  нэг тэрбум 200 сая,
дараагийн хэсэг нь 2,4 тэрбум, сүүлийн хэсэг нь 400 сая тоннын нөөцтэй
гэж мэдэгдээд байгаа. Гэтэл Тавантолгойн анх батлагдсан нөөц нь 1
миллиард 200 сая гэдгийг тэр хэллээ. Тиймээс Засгийн газар үндэслэлгүй
тооцоо гаргаж, батлагдаагүй баримтан дээр түшиглэн ард түмнийг хуурч
байна гэж тэр үзэж байгаа юм.

-Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан
баримт нь анхнаасаа буруу байсан гэж та бодож байна уу?

-Тийм. Одоо Тавантолгой дээр “Энержи Ресурс”, “Дайцу Хуй”, “Таван толгой
траст”, “Жижиг Тавантолгой” гэсэн дөрвөн компани уурхай барьсан байгаа.
Анхнаасаа эдгээр байгууллагуудтай төр гэрээ хийгээгүй юм. Ашигт
малтмалын тухай хуулинд уг нь гэрээ хийх ёстой гэж заасан байдаг. Нэг
орд дээр дөрвөн уурхай байж болохгүй.

-Тавантолгойн ордын одоо зарлаад байгаа нөөц нь таны хэлж
байгаагаар бодит байдлаас зөрүүтэй болж байна уу?

-Тэгэлгүй яахав. Батлагдсан нөөц нь нэг миллиард 200 сая. Тавантолгойн
доор байдаг Ухаа Худагт 400 сая, яг үүний урд 300 сая тоннын нөөц
байгаа. Батлагдаагүй нөөц дээр түшиглэж түүнийгээ иргэн бүрт тараана
гээд байгаа нь өөрөө их сонин байгаа юм. Батлагдсан нөөцийг нь гадаадад,
батлагдаагүй нөөцийг нь монголчуудад өгөөд түүгээрээ Монголыг хөгжүүлнэ
гээд байгаа нь сонин байна. Батлагдсан нөөц дээр бодож үзвэл Эхний 30
жилд 100 метрийн дотор 800 сая тонныг л авах боломжтой.

-“Монгол 999” хувийн компаниудын нэгдлийн талаар та ямар бодолтой
байгаа вэ?

-Энэ бол яах вэ, батлагдаагүй байгаа хөрөнгөн дээр байгуулагдаагүй,
хөрөнгө орлого нь тодорхойгүй компанид 30 хувийг, үлдсэнийг нь хөрөнгийн
биржэд байршуулна гээд л яваад байгаа юм. Иргэдэд тараана ч гэх шиг.
Харганы ноосоор эсгий хийнэ гэдэгтэй л адил юм болох байх.

-Тэгвэл таньд ямар санал байгаа вэ?

-Тавантолгойн таамаглал дээр хувьцаа эзэмшүүлж болохгүй. Хөрөнгө орлого
нь тодорхой, одоо ажиллаж байгаа компанийн хувьцааг иргэдэд өгөх
хэрэгтэй. Одоо жишээлбэл Эрдэнэтийн 10 хувийн хувьцааг иргэдэд тараая
гэвэл болохгүй зүйл байхгүй. Энэ тухай манай зөвлөл Ерөнхийлөгч, Ерөнхий
сайдад шаардлага хүргүүлсэн байгаа.

А.Оюут

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж