Төв аймгийн нутагт орших Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолборт Монгол охин Б.Номин санаачлан, зохион бүтээсэн дэлхийн хамгийн том Монгол гутлыг тавилаа. 20 настай Б.Номин анх хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн том гутал хийн Гиннесийн номонд бүртгүүлэх санаа сэдэн баг бүрдүүлэн ажиллаж, ийнхүү ажил хэрэг болгон монголчууддаа бүтээлээ сонирхууллаа. Одоогоор дэлхийн хамгийн өндөр гутал Америкийн Миннесота мужад байдаг ба өндөр нь зургаан метр юм байна. Тиймээс одоохондоо Б.Номин охины бүтээсэн гутлыг гүйцэх өндөр, том гутал дэлхийд байхгүй ажээ. Энэ Монгол гутлыг 32 угалзтай Монгол гутлын загвараар, есөн метр өндөртэй, урт нь зургаан метр, хоёр метр өргөн бүтээсэн байна. Харин гутлын хэмжээ нь 39х195=7605, 45 метр өндөртэй 4.4 тонн жинтэй аварга хүн л өмсөх боломжтой гэнэ. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий, 72 кв.метр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ. Монгол гутал европ гутлаас тэс ондоо, байгаль дэлхийгээ сийчихгүйн үүднээс ээтэн хоншоортой, сууж босоход амар тул хойгуураа задгай, өмсч тайлахад хялбар зэрэг олон давуу талуудтай юм. Б.Номингын санаачлагаар А.Эрдэнэбулган ахлагчтай баг удирдан энэхүү гутлыг урлажээ. Дашрамд сонирхуулахад тус багт мэргэжлийн гэхээсээ илүү гарын уртай хэсэг залуус хамтран ажиллаж гутлыг урласан байна. Тэд одоо бүтээлээ Гиннессийн номонд бүртгүүлэх ажилдаа орох ажээ.
Г.ДАША
Холбоотой мэдээ