Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

ДАШТ: 4 дэх өдөр

Европын хүчирхэг багуудын нэг Голландын шигшээ өчигдөр дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо хийж, Йоханнесбург хотноо Данийн багийг буулган авсан бол мөн “Е” хэсэгт Камерун 1:0-ээр Японы багт ялагдал хүлээсэн юм.

Энэ жил форм сайтай байгаа хэмээн хөлбөмбөг сонирхогчдын ам сайтай байгаа Данийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо тун ч азгүй байдлаар эхлүүлэв. Эхний хагас өндөрлөхөд минут ч хүрэхгүй хугацаа дутуу байхад төвийн хамгаалагч Даниэль Аггер өөрийнхөө хаалганд гоол алдаж, өрсөлдөгч багтаа гоол бэлэглэсэн. Улмаар тоглолтын 85 дахь минутад Дирк Кюит тооны харьцааг 2:0 болгосноор “Улбар шарууд” хожлын гурван оноогоо авсан юм.

Soccer City цэнгэлдэхэд болсон тоглолтод гэмтэлтэй байгаа Арьен Роббен сэлгээний суудлаас тоглолтыг үзсэн хэдий ч довтолгооны шугамд Робин ван Перси, Дирк Кюит, дээр нь дундын шугамд Марк ван Боммель, Рафаэль ван дер Ваарт нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээ талбайд гарсан.

Харин Азийн бас нэгэн төлөөлөл болох Японы шигшээ баг Блумфонтейн хотноо хагас хамгаалагч Кейсүкэ Хондагийн гоолын ачаар Хар тивийн хүчирхэг баг Камеруны шигшээг төвөггүй буулган авч, харийн талбайд дэлхийн аваргын анхны ялалтаа авсан юм. Японы шигшээ багийн дасгалжуулагч Такэши Окада энэ жилийн дэлхийн аваргад багаа хэсгийн тоглолтоос шалгаруулна хэмээн амлаад байгаа бол энэ жилийн дэлхийн аваргад Хар тивийн баг түрүүлнэ гэх аман яриа, таамгийн цаана агуу зорилго өвөртөлсөн Камерунчууд “Алтан дагина”-ын төлөө тэмцэж байгаа.

Хэсгийн эхний тоглолтын дараах байдлаар “Е” хэсэгт “Улбар шарууд” гоолын зөрүүгээр Японы багийг ардаа орхин, хэсгээ тэргүүлж байгаа бол хаалгандаа хоёр гоол алдсан Данийн баг сүүл мушгиж явна.

Өнгөрсөн шөнийн 02.30 цагаас эхэлсэн “F” хэсгийн Итали болон Парагвайн багийн тоглолт олны таамгаас өөр үр дүнг үзүүлсэн гэж болно. Аваргаа хамгаалахаар өрсөлдөж буй “Скуадра Аззура” хэсгийн эхний тоглолтдоо Парагвайтай 1:1-ээр тэнцсэн. Өмнөд Америкийн багийн хамгаалагч Антолин Алькараз 39 дэх минутад толгойгоороо мөргөж, багтаа давамгайлал авчирсан боловч хаалгач Хусто Вильярын алдаа Даниэль де Россид гоолын боломж олгосон юм. Де Росси ч боломжийг овжин ашиглаж, хоёрдугаар хагас тэнцээний гоолыг оруулж, багаа ялагдлаас аварсан. Италичууд хэдийгээр яван чангарсан боловч Кейптаун хотын ногоон зүлгэнд ялах тавилангүй байв.

С.Цэлмэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж