

Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуай 1927 оны зургадугаар сарын 15-нд мэндэлжээ. Өнөөдөр түүний мэндэлсний 83 жилийн ойг тохиолдуулан Улсын Филармоний ахмад болон үе, үеийн уран бүтээлчид, XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслол боллоо. Тус арга хэмжээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын филармонийн удирдаач, Намсрайжав агсны хүү Н.Бүтэнбаярын удирдлагаар улсын филармоний найрал хөнжимчид хөгжимдөн, дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга Ц.Намсрайжавын ая, Ж.Бадраагын үг “Халуун элгэн нутаг” дууг дууллаа. Энэхүү хөшөөг 1999 онд “Халуун элгэн нутаг” дуу XX зууны манлай дуу хэмээн өргөмжлөгдөхөд, нийслэл хот байгуулагдасны 360 жилийн ойгоор бүтээжээ. Ц.Намсрайжавын мэндэлсний 83 жилийн ойд зориулан өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид дэлхийд нэртэй Францын хөгжмийн зохиолч Хегтор Берлиозын “Уран сэтгэмжит симфони” буюу “Фантастическая симфония” сонгодог бүтээлийг соёлын тэргүүний ажилтан, удирдаач Д.Нямдашийн удирдлагаар тоглоно. Тус симфони нь “Уран бүтээлчийн амьдралын нэгэн төсөөлөл“ /Episode de la vie d’un artiste/ хэмээх таван ангит бүтээл юм.
Г.Даша