Хүний наймааны тайланд АНУ-ын тохиолдлуудыг оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Хүний наймааны тайланд АНУ-ын тохиолдлуудыг оруулжээ

АНУ-ын Засгийн газраас жил бүр гаргадаг хүний наймааны тухай тайлангийн ээлжит дугаарыг даваа гаригт танилцуулсан бөгөөд энэ тайланд анх удаа АНУ-ын тохиолдлуудын тухай өгүүлсэн байна. 373 хуудастай “Хүний наймааны тайлан 2010”- д дэлхий даяар 12.3 сая насанд хүрэгчид болон хүүхдийг хүчээр ажил хийлгэж, боолын хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байна. Түүнээс өнгөрсөн жилд ердөө 4,166  тохиолдлыг л шүүхээр оруулж шийдсэн байна гэж дурджээ. АНУ өөрийгөө 2000 онд батлагдсан Хүний наймааны хохирогчдыг хамгаалах доод стандартын тухай хуулийн шалгуурыг хангаж байгаа ч хүний наймааны “эх сурвалж, дамжин өнгөрөгч, эцсийн буудал болж байна” гэж үзжээ. Өөр бас 27 улсыг хохирогчийг хамгаалах шалгуурыг хангаж байна гэж үзсэн байна.
Даваа гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Америк дахь хүний наймааны тохиолдлуудын талаар ярьсан. “Зарим тохиолдолд Америкт илүү сайхан амьдрах гэж зорьж ирсэн хүмүүс харамсалтай нь хүний эрх хөсөрдүүлдэг хүмүүсийн гарт орж байна. Түүнчлэн зарим Америкчууд сексийн боол болж байна. Харин зарим нь орчин цагийн өрийн боолчлолд орж байна” гэж ярьсан байна. Тайланд Кеняа, Филиппин, Албани, Тайланд болон АНУ-ын хохирогчдын хувийн түүхээс өгүүлсэн байна.
“Харриет” хэмээн өөрийгөө нэрлэсэн нэг Америк охин 11 настай байхдаа гэрээсээ оргож яваад 32 настай эрэгтэй хүнтэй танилцаж хамт амьдарсан бөгөөд тэр нь түүнийг бэлгийн замаар хүчирхийлж, зодож мөн түүнийг биеэ үнэлэгч бол гэж ятгадаг байсан гэж ярьж байв. Түүнээс хойш хоёр жилийн дотор Харриет хар тамхинд донтсон бөгөөд олон тооны бэлгийн замын халдварт өвчин туссан байна. Харриетыг 13-тай байхад нь цагдаа нар түүнийг баривчилж биеэ үнэлсэн хэргээр ял тулгасан ч түүнийг зарж байсан эрийг олох гэж огт оролдоогүй гэнэ. Харриетад 18 сарын хугацаатай тэнсэн харгалзах ял өгсөн байна. Харин түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа бөгөөд түүнийг биеэ худалдах хэмжээний насанд хүрээгүй, эрх зүйн чадамжтай болоогүй тул түүнд биеэ үнэлсэн гэсэн ял оноож болохгүй гэж үзэж байгаа юм. Төрийн департамент хүний наймааг гэмт хэргийн ертөнцийн хамгийн ашигтай наймааны нэг бөгөөд хууль бус зэвсэг, хар тамхины наймаатай дүйцэхүйц гэж үзсэн байна.
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж