Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгөний тухайд хуучин байр сууриа бататгасан

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгөний тухайд хуучин байр сууриа бататгасан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, нийт долоон асуудлыг авч хэлэлцжээ. Эдгээр асуудалд 2010 оны нэгдсэн төсвийн тодотгол багтсан бөгөөд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг авч хэлэлцээд үндсэндээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ зарим нэг асуудалд зарчмын өөр байр суурьтай байгаа гэсэн тайлбарыг бүлгийн дарга Ч.Сайханбилэг хийсэн юм. Энэ талаар түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Хүүхдийн мөнгөн дээр байр суурь нэгдсэнгүй юу. Эсвэл цомхотгол уу?
-Төрийн албан хаагчдыг 7000-аар цомхотгох саналыг бүлэг арай өөр урвуу байдлаар хийгээд байна, хандлагаа өөрчилье гэж үзсэн. Төрийн үйлчилгээний албанд багш, эмч нар ордог. Тухайлбал, боловсролын салбарт жилд төсвөөс ногдож байгаа хөрөнгө оруулалт 442 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарт 206 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөний хэмжээ жилээс жилд өсч байгаа. Гэтэл энэ хэмжээний хөрөнгө оруулалт авчихаад дээрх салбарын үйлчилгээ, чанар сайжирч байна уу гэдэг дээр шүүмжлэл гарсан. Тийм учраас асуудалдаа өөрчлөлт оруулъя, төсөв ерөнхийлөн захирагч, болон төсөв захирагч нартаа илүү эрх мэдэл өгье. Өнөөдөр УИХ Засгийн газартаа орон тоогоо тэдээр хас гэж захиргааны арга хэмжээ авах бус төсвөөс өгч байгаа мөнгөн дотроо ямар менежмент хийх вэ. Сайн ажиллаж байгаагаа хэдээр цалинжуулах вэ гэдгээ өөрөө шийдээд явдаг байх. Энэ үүднээс чанартай эмч, чанартай багшаас хамгийн сайн үйлчилгээ авдаг, энэ тогтолцоо руугаа шилжиж орох энэ бодлогынхоо арга хэмжээг хийх нь зүйтэй гэж үзсэн.
-Тэгэхээр энэ зарчмын зөрүүтэй саналаа бүлгийн хувьд хэзээнээс эхлүүлнэ гэсэн байр суурьтай байна вэ?
-Ирэх аравдугаар сард Засгийн газар 2011 оны төсвийг оруулж ирнэ. Энэ төсөв дээрээ иймэрхүү өөрчлөлтийг хийе гэж шийдсэн.  Нэг зүйлийг бас анхаарах шаардлага бий. Сайн ажилласан багш, эмч нарын цалинг төсөв ерөнхийлөн захирагч толгой мэдээд нэмье гэхээр цалингийн сүлжээнд баригддаг.  Хэрвээ төрөөс гэрээт маягаар гүйцэтгүүлж байна гэж үзвэл, эргээд төсөв, урсгал зардлыг зохицуулаад төсөв ерөнхийлөн захирагч өөрөө хөдөлгөөн хийгээд байх боломжийг давхар хангаж өгье гэж үзсэн. Ингэснээр төр хамгийн муу менежэр гэдэг дутагдлыг арилгаад хувийн хэвшил дээр ажил сайн явдаг, илүү сайн хүмүүс ажилладаг шинж чанар луу орно гэж үзсэн.
-Уг нь ажлын хэсгийнхэн яам, агентлагийн дэд сайд, орлогч дарга нарыг цомхотголд түлхүү оруулъя гэдэг дүгнэлт гаргасан байсан. Харин танай намын бүлэг төрийн үйлчилгээний алба тэр дундаа жинхэнэ ажилладаг хүмүүсээ төсөв ерөнхийлөн захирагч нараар нь дамжуулан халахаар шийдсэн нь учир дутагдалтай юм биш үү?
-Ойлголтын зөрүү байна. Дэд сайд, агентлагийн орлогч дарга нарыг цомхотголд оруулаад 7000 болохгүй.  Ажлын хэсгийн дүгнэлтийг харахад төрийн жирийн албан хаагч руу ороод тав, арван хүн цомхотгоно гэж өм цөм авснаар 7000 хүрч байгаа. Тийм учраас бүлгийн гишүүд асуудлыг ингэж механикаар,  захиргааны аргаар шийдвэрлэж болохгүй. Илүү том харъя гэсэн хэрэг. Жишээ нь багш нарын цалингийн сан дээр найман тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна гэж байгаа. Яаж ийм хэмнэлт гарав гэхээр хамгийн бага цалинг 300 мянган төгрөгөөр тогтоосон учраас хэмнэгдсэн гэдэг хариултыг  төсөв ерөнхийлөн захирагч нар өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл, сайн ажиллабал цалинг нэмэх бололцоотой нь харагдаж байгаа юм. Харин цалинг нэмэх бололцоо юугаар хязгаарлагддаг вэ гэхээр Төрийн захиргаа, үйлчилгээ гээд шоблом гарчихдаг. Түүнээс илүү гарахаар хууль зөрчих болдог. Нэг ёсны төрийн албан гэдэгт хайрцаглагдчихсан. Цаашид бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батална. Бид хангалттай мөнгө баталж байгаа. Гэтэл хүндээ үзүүлж байгаа үйлчилгээний чанар сайжрахгүй байна. Тиймээс энэ мөнгийг дээрээс зааж өгөх биш, төсөв ерөнхийлөн захирагч нарт эрхийг өгөөд, шийдээд явъя. Сайн хүнээ авч ажиллуулдаг болох. Нэг ёсны 110 хүн ажиллуулах уу, 80 хүн ажиллуулах уу гэдгээ шийддэг. Сайн ажилласандаа илүү цалин өгдөг, хувийн хэвшил дээр явдаг менежмэнт төрийн албанд ирэх ёстой гэдэг энэ утгаар нь харсан. Засгийн газар өөрөө санаачилж оруулж ирэх ёстой.
-Ажлын хэсгийнхэн ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж, цалин тэтгэврийг нэмье гэдэг санал оруулсан. Энэ саналыг бүлэг дэмжсэн үү?
-Төсвийн тодотгол батлагдвал тэр бүх санал багтаад батлагдаад явна гэсэн үг.
 -Хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-нээс эхлэн олгоё гэдэг саналыг танай нам гаргасан ч одоо хэр нь тодорхой шийдвэр гарсангүй. Яахаар шийдээд байна вэ?
-Хүүхдийн мөнгөний асуудал дээр хуучин байр сууриа бататгасан. Төсвийн тодотголын хүрээнд хөрөнгийн эх үүсвэр бий. Жишээлбэл, “Утаагүй улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөрөө зам, дэд бүтэц, эрчим хүчний ажлыг хийж болно. Тийм учраас энэ чиглэлээр тавигдах 190 тэрбум төгрөгийг үлдэж байгаа энэ хугацаанд хүүхэд бүртээ сар тутамд 20 мянган төгрөг өгөөд явах бололцоо бүрэн байгаа гэж үзсэн. Тийм учраас Засгийн газар, УИХ-ыг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг гаргаасай гэсэн хүлээлттэй байна.
-Өнгөрсөн өвөл маргаан дагуулаад байсан УИх-ын тухай багц хуулиудыг авч хэлэлцсэн гэсэн. Ямар шийдвэр гаргасан бэ?
-УИХ-ын тухай багц хуулийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр дахин ярих ёстой гэж үзсэн. Ялангуяа бүлгийн хувьд завсарлага авах асуудлыг 2012 оны сонгуулийн дараанаас хүчин төгөлдөр үйлчлүүлэхээр хугацаагаар хязгаарласан. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийг ярихаасаа өмнө бид шинэ УИХ-ыгаа яаж гаргах вэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа урьдчилж зайлшгүй ярих шаардлагатай гэдэг дээр санал нэгдлээ. Тийм учраас энэ долоо хоногт УИХ-ын ажлын хэсгийг ажиллуулж эхлэх, Намын бүлгүүд ойлголцлоо нэгтгэх, Шинэ ямар хуулийн төслийн дагуу сонгуулийн ямар тогтолцоонд шилжих вэ гэдэг эцсийн шийдвэрийг яаралтай гаргая. Сонгуулийн хуулиа ярьж хэлэлцсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуулиа хамтад нь хэлэлцээд явъя гэж үзсэн.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж