Лидерүүд ачааны хүндийг үүрэх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Лидерүүд ачааны хүндийг үүрэх ёстой

“Норовбанзад сан”-гийн тэргүүн, улстөрч Б.Дэлгэрмаатай сонгуулийн тогтолцооны шинэчлэлт, УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.
-УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж Их Хурлаар сонгуулийн тогтолцоог шинэчлэхээр хоёр ч хуулийн төсөл хэлэлцэж байна. Хуульч, улстөрч хүний хувьд та сонгуулийн тотолцооны талаар өөрийн байр суурьтай байгаа байх. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Ирэх 2012 оны сонгуулиар бид өнгөрсөн 20 жилийн үр дүн болох парламентын засаглалаа тодорхой хэмжээгээр бэхжүүлэх эрх зүй, улс төрийн орчин руу очих ёстой. Тэр цаг нь ч болсон. Манай сонгуулиуд тодорхой зүй тогтлын сонгууль болох нь ажиглагдаад удлаа. Ямар зүй тогтол вэ гэхээр нэгдүгээрт, хэт намын удирдлагад төвлөрсөн, 76 суудалд хэний нэрийг дэвшүүлэх зэрэг асуудал тэднээс хамааралтай байдаг. Хоёрдугаарт, мөнгөний хүчин зүйл хүчтэй ажиглагддаг. Сонирхлын зөрчил үүсч болох тийм бүрэлдэхүүн УИХ-ыг бүрдүүлэх болсон. Ялангуяа 1996 оноос хойш шүү дээ. Тийм зүйл 1990, 1992 онд харьцангуй гайгүй байсан бол 1996 оноос хойш зөрчил нэлээд хүчтэй орж ирсэн. Тэгээд 2000,2004 онд бүр хүчтэй орж ирсэн.
Тэгэхээр сонгогч саналаа өгөхдөө Дорж, Дулмааг дугуйлах биш, ямар улс төрийн хүчнийг сонгохоо сайн бодох хэрэгтэй. Зүүний чиглэлийн бодлого баримталж дааж давшгүй нийгмийн халамж төрөөс хүртэх үү, эсвэл хувийн хэвшлийг хөгжүүлж, эдийн засгаа эрүүлжүүлэх, тэр утгаараа татвар бага тогтоосон засаглалтай байх уу гэдэг сонголтыг хийх ёстой. Энэ хоёр гол хүчин зүйлийг ялгах хэрэгтэй л дээ. МАХН уу, Ардчилсан нам уу гэдэг нь сонин биш, улс төрийн нам гэдэг их том институт өөрөө  зөв төлөвших хэрэгтэй юм. Тэгэхгүй бол, ялангуяа 2008 оны сонгуулиас хойш намуудын ялгарал гарч ирэхгүй байна. Ялгарал гарч ирэхгүй болохоор Дорж, Дулмаагаа дугуйлахаас өөр аргагүй. Сайн хүн, сайн удирдагч гэж дугуйлах биш, чухамхүү бодлого дугуйлах гэдэг утгаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд бодлоготой хандах хэрэгтэй.
УИХ-д Сонгуулийн хуулиар хоёр ажлын хэсэг байгуулагдаад, хоёр хуулийн төсөл зэрэг өргөн барьж байна гэдэг бол парламент бүрэлдэхүүний хувьд нэлээд эрээвэр хураавар байгааг харуулж байна л даа. Зүй нь хувь гишүүд хуулийн төсөл санаачилж явахаасаа илүү Ардчилсан нам өөрийн ажлын хэсгээ байгуулаад, бидний үзэл баримтлал ийм байна, энэ үзэл баримтлалдаа тохирсон, Монгол орны хөгжил хаашаа явах вэ гэсэн чиглэлд зохицсон сонгуулийн тогтолцоог дэвшүүлэх нь зүйтэй байсан. Нөгөө талаас  МАХН ч гэсэн бидний дэвшүүлсэн хөгжлийн загвар энэ байна. Монголын нөхцөлд таарч тохирсон сонгуулийн тогтолцоо энэ юм гээд ажлын хэсэг байгуулах хэрэгтэй л дээ. Үзэл баримтлалын ялгаатай хэдий ч Монголынхоо төлөө гэсэн сэтгэл дээрээ намууд нэгдэх ёстой.
-Хоёр хуулийн төсөлд тэр нь хэр зэрэг туссан байна, харьцуулсан уу?
-Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нарын ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийг харж байхад тэртэй тэргүй хоёр нам Засгийн газартаа хамтарсан учраас УИХ-ын хүрээнд зөвшилцөлд хүрээд Монгол Улс дангаараа нэг тойрог гэсэн хувилбар оруулж ирсэн болов уу гэж бодож байна. Гэтэл Л.Болд нарын гишүүдийн Сонгуулийн хуулийн төслийн бас нэг хувилбар гараад ирсэн. Эндээс манай парламент улс төрийн нам бүхий парламент гэхээсээ илүү хувь улстөрчдийн парламент болж харагдаад байгаа юм. Зөвхөн Сонгуулийн хууль төдийгүй олон олон хууль дээр харамсалтай нь яг энэ байр суурь ажиглагддаг. Одоогийн УИХ-аас сайн, төгс төгөлдөр хууль гарах уу, үгүй юү гэдэг дээр эргэлзэж байна. Бид сонгуулийн талаар 20 жил хангалттай ярилцлаа шүү дээ. Тийм учраас илүү мэргэшсэн, яг жинхэнэ эксперт, шинжээчид цугларч Сонгуулийн хууль дээр илүү ажил хэрэгч, илүү бүтээлч хандлагаар хандах хэрэгтэй юм. УИХ дээр ярьж байгаа хоёр төслийн  аль альд сайн тал бий. Одоогийн сонгуулийн маапаан, будилаан зэргийг илүү процессийн талаас нь ажиглаж, илүү төгөлдөршүүлэх талыг нь аль аль төслөөс тунгааж аваад, үзэл баримтлал талаасаа Монголд парламентын төлөвшлийг зөв явуулах гэдгээрээ ямар загвар манайд илүү зохицож байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэр нь Үндсэн хуульд хэр нийцэж байгаа вэ гэсэн үүднээс хандах хэрэгтэй болов уу гэж үзэж байна.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн тойрог төлөөлдөг, эсвэл улс төлөөлдөг гэх зэргээр хоёр төслийг боловсруулсан гишүүдийн хооронд зөрөлдөөн гарч байсан…
-УИХ-ын гишүүн өөрөө хоёрдмол статустай байдаг. Би шууд намын нэрээр сонгогдож гарч ирэхийг жаахан эсэргүүцдэг. Юуны өмнө сонгогчдын эрх ашиг гэдэг үүднээс УИХ-ын гишүүн тойрог төлөөлөх ёстой. Тойрогтой уяхгүй бол ард түмний элч төлөөлөгч гэдэг утга нь алдагдах гээд байдаг. Хуульч Б.Чимид гуайн УИХ-ын гишүүнийг тойроггүйгээр яаж төсөөлөх юм гэдэг үг тэр утгаараа зөв. Нөгөө талаас тэр хүн тойрог төлөөлж байна гээд нэг сумын сургуулийн засвар ч гэдэг юм уу, мөнхийн л сонгогчдын гомдол, өргөдөл хүлээж авч барагдуулж байдаг байгууллага бас биш шүү дээ. Төрийн том хэмжээний, үндэсний цараатай бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг этгээд, УИХ гэдэг институт, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдэг утгаараа төрийн бодлогыг төлөөлдөг хүн байх ёстой. Хувь Дорж, Дулмаа бол биш шүү. Хоёрдмол статустай гэдгээрээ энэ хүн тухайн намын 76 нэрс дотор намынхаа шилдэг сонгогчдыг байлдан дагуулах өөрийн гэсэн улс төрийн мэдлэг, чадвар, туршлагатай, УИХ-д очсон хойноо зүгээр нэг товчлуур дараад, суудал бөглөөд байх биш, чухамхүү бодлого боловсруулахад оюун, потенциаль, нийгэмд бүтээсэн бүх зүйл, нийгмийн төлөө гэсэн сэтгэлээ шингээж байдаг тийм элч төлөөлөгч байх ёстой.
-Сүүлийн үед дуулдаад байгаа холимог тогтолцоо руу орвол ямар вэ?
-Тэгэхээр яг наадахтай чинь холбоотой холимог системийг хүлээж авлаа гэх юм бол 26 гишүүн нь нэр дэвшидгээрээ дэвшээд шууд сонгогдоно. Энэ 26 бүх эрсдлээ үүрээд, бүх ачааны хүндийг үүрээд явчихдаг. Нөгөө 50 гишүүн намын нэрээр зүгээр ороод ирнэ. Тийм тэнцвэргүй байдлыг үүсгэхгүйн тулд намын нэрээр, намын авсан саналын хувиар гарч ирэх 50 хүн өөрөө бас тодорхой тойрогт хуваагдах ёстой.
Монгол Улсыг таван бүс болгодог ч юм уу. Л.Болдын төсөлд байгаа сонгогчдын тоог тэнцүүлж хуваасан сонгуулийн газар зүйтэй зохицуулж ч болох юм. Тэр таван бүсдээ 50 хүнээ арав, арваар нь хуваарилж болно. Нээлттэй жагсаалт байх ёстой.. Тэгснээрээ тэр хүн намын жагсаалтаар, намын цуглуулсан оноон дотор хандиваа оруулж, оноо цуглуулж үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч хэмээгдэж УИХ-д орж ирэх ёстой. Дахин дахин хэлэхэд манайх бол ХБНГУ, Англи, ОХУ шиг 500, 600, 1000 гишүүнтэй парламент биш. Ердөө 76-хан гишүүнтэй бага оврын парламент. Үүгээрээ  УИХ-ын гишүүн бүр ард түмний үнэ цэнэтэй төлөөлөл болох ёстой. Нэг хүний санал, нэг хүний суудал гэдэг бол тухайн намд том зүйл авчирдаг. МАХН ч, Ардчилсан нам ч дотроо олон бүлэг, фракцад хуваагддаг. Олон лидер, угшил дагасан фракцуудад хуваагдсан  улс төрийн намуудад  нэр дэвшигч зүгээр л Бага хурал, ҮЗХ-гоороо нууц санал хураалтаар гараад ирнэ гэдэг хэцүү. Тухай тухайн фракцийн хүмүүс өөрийн хүнийг өөд татах, нэрс дээр, эрэмбэлэх асуудал дээр ажиллах гээд тийм буруу нөхцөл үүсгэнэ. Намуудад дотоод ардчилал байхгүйг харуулж буй хэрэг.
Тиймээс Үндсэн хуулиа зөрчихгүйн тулд дээр хэлсэн нээлттэй жагсаалт гэдгээр намын нэрээр орж ирэх хүмүүс дугуйлагдах ёстой. Тэгвэл эмэгтэйчүүд ч, үндэсний цөөнхөд ч гэсэн гарах магадлал нь дээшилнэ. Тэрнээс биш Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нарынхаар улс нэг тойрог гээд явбал үндэсний цөөнх ч, эмэгтэйчүүд ч парламентад байхгүй болно.
-Бие даагч ч байхгүй?
-Тийм, бие даагч ч байхгүй. Тодорхой тойрогт уях юм бол сонгогчдын төлөөлөл гэдэг үзэл баримтлалдаа нийцнэ. Хоёрдугаарт, шууд сонгогдох гэдэг утгаараа Үндсэн хуулиа зөрчихгүй. Нөгөө талаас шууд гарсан хүмүүс, намын нэрээр гарсан 50 хүн гэдгээрээ  хоорондын зөрчил үүсэхгүй. Ямар боловч адилхан л намын саналд өөрийн хувь хандиваа оруулсан юм шүү гэдгээрээ зөрчил арилна.  
Тэгвэл нөгөө талаас бас яах гэж холимог системээр сонгууль хийж байгаа юм бэ. Яах гэж 26 хүний нэр дэвшүүлэв гэсэн асуудал гарч ирж болно. Надад бол 26 гэсэн энэ тоог багасгамаар санагддаг. Бид парламентын засаглалтай улс гэсэн утгаараа сонгуульд ялсан, олонх суудал авсан нам Засгийн газраа байгуулдаг. Намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэгэхээр намын дарга нар  сонгуульд ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрын танхимын гишүүдээ сонгуулийн үеэр зарлах хэрэгтэй. Тэр зарлах хүмүүс нь хэн бэ гэвэл сонгуулийн үеэр ачааны хүндийг үүрсэн, тойрогт шууд нэр дэвшигчид байх ёстой. Засгийн газар арван хэдэн яамтай байна гэвэл хамгийн эхлээд намын дарга нь Ерөнхий сайд болно. Намын дэд дарга нь Сангийн сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нь Гадаад харилцааны сайд болох жишээтэй. Ач холбогдлоороо бодлогын хамгийн том хүмүүс нь сонгуулийн ачааны хүндийг үүрэх хэрэгтэй.
Гадаад орнуудад бол манайх шиг сонгуульд ялсныхаа дараа л “Өө манай нам ялчихлаа. Одоо сайдуудад суудлаа хуваарилна. Хэнийг тавих вэ” гээд яваад байдаггүй. Шууд нэр дэвшиж сонгуульд өрсөлдөж байгаа лидерүүд хамаг эрсдэл, ачааны хүндийг үүрч, нэр хүндээрээ байлдан дагуулж, дээр нь сонгогчид ч гэсэн “Аан, бид ийм Хөдөлмөрийн сайдтай, ийм Эрүүл мэндийн сайдтай болох гэж байгаа юм байна. Ийм хүн энд явж байгаа юм бол, уучлаарай, бид дугуйлахгүй. Бид ийм засгийг хүсээгүй. Урьд өмнө ажиллаж чадаагүй, эсвэл нэр хүндээ тодорхой хэмжэгээр унагаасан, эсвэл хүндэтгэл даах чадваргүй хүнийг бид сонгохгүй” гэж хэлэх эрхтэй  болно. Яагаад гэвэл намаас гадна сонгогчид  засгийг давхар сонгодог байхгүй юү. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүсийг сонгоно гэсэн үг. Тэгэхээр шавар хаадаг хүнд тойргууддаа биднийг биш, лидерүүд өөрсдийгөө тавьж өрсөлдөх хэрэгтэй.  
А-гаар эхэлсэн Алтанхуяг номер нэг, Б-гээр эхэлсэн Баярцогт номер хоёр гэж жагсаалтыг эхлүүлэх гээд байна. Ингэж огт болохгүй. Яах гэж тэд намын лидер, намын удирдлагыг авсан юм бэ. Тийм амбиц гаргасан юм бол бас ачааны хүндийг үүрч байлдан дагуулах ёстой. Тэд 49 хувийн санал аваад нөгөө талд ялагдлаа гэж бодъё л доо. Тэгвэл тэр 49 хувь намын санал дотор тооцогдоод явах ёстой. Тэр хүн сайд болохгүй юм гэхэд УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн математик тооцоог хэрэглэх нь зүйтэй. Дэлхийн өч төчнөөн оронд пропорциональ тогтолцоог хэрэглэж байна. Түүний шилдэг талуудыг Монголынхоо парламентын засаглал, бага оврын парламентдаа, онцлогтоо нийцүүлж их ухаалаг, тооцоотой ажлын хэсэг гаргаад ажиллуулах хэрэгтэй л дээ. Тэрнээс биш хоёр талцаад, хоёр сонин төсөл гаргачихаад хоёуланг нь дэмжлээ. Энийг нийлүүлээд зохицуулаад ир гэсэн шийдвэр гаргаад сууж байж таарахгүй л дээ.
-Ойрын үед Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг таг чимээгүй болчихлоо. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр шинэ хуулийг 2012 онд хэрэглэхгүй ч байсан яахав дээ. Сүүлд 2016 онд хэрэглэнэ биз гэсэн үг ч дуулдсан. Энэ нь эргээд 2012 оны сонгуульд болж бүтэхгүй байна гэсэн мажоритар тогтолцоогоороо орох магадлал бүрдлээ гэсэнтэй ижил дуулдах боллоо. Жижиг 76 тойргоо ч сэргээж магадгүй нь гэж хэлж болох уу?
-Сонгуулийн хууль сүүлийн үед яагаад сураг алдрав гэхээр сая хэлдэг нөгөө хоёр хуулийн төсөл маань хоорондоо авцалдаж, нийлж өгөхгүй болохоор гацаанд орчихлоо л доо. Одоо эсрэгээрээ үүнийг ямар нэг байдлаар хөдөлгөөнд оруулах хэрэгтэй шүү дээ. Үүний тулд холимог хувилбарынхаа ньюансуудыг гаргаж тооцоогоо хийх хэрэгтэй. Ингэхгүй бол гацаасаар байгаад хаврын чуулганыг алдана. Ирэх намрын чуулган бол эцсийн хугацаа. Тэгвэл  2012 онд хуучнаараа л орно гэсэн үг л дээ.
-Мөнгөний, луйврын, шударга бус өрсөлдөөний гэх  болсон энэ тогтолцоогоороо 2012 оны сонгуульд орвол эмэгтэйчүүд, бие даагчид сураггүй болж, намын даргын татаасны хэдэн нөхөд сууж байж мэднэ гэдэг үг ортой болж таарах болов уу, яах бол?
-Эмэгтэйчүүдийн хувьд сонгуулиас сонгуульд бүрэлдэхүүний хувьд чанаржиж байгаа. Эрчүүдтэй харьцуулахад хамаагүй дээшилсэн. Үнэндээ цөөнгүй эрэгтэй улстөрч сонгогчдод гологдож байгаа шүү дээ. Түүгээрээ 2012 онд эмэгтэйчүүд нэлээд шанстай гэж бодож байгаа. Гэхдээ хуучин хэдэн хүндээ эргэлдээд байвал бас хэцүү л дээ. Генерацын өөрчлөлт явуулах хэрэгтэй байна. Өрнө, дорнын өндөр боловсролтой бүсгүйчүүд олширсон байна. Тэдэнд анхаарах нэг зүйл бол улс төрийн маневрлах чадвар, байр суурь хэрэгтэй. Нэг фракцийн хүрээнд тоглолт явуулаад, зохиомол PR хийгээд, хэт амбицлаад байх хэрэгггүй гэдгийг хэлье.
Сонгуулиас сонгуульд манай эдийн засгийн хөгжил макро эдийн засгийн төвшинд, геостратегийн хувьд ч гэсэн том цараа шаардах боллоо. Мэдлэг боловсролтой улстөрчдийг төр нь нэхдэг болсон учраас түүнд бүсгүйчүүд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Дан ганц жендэр яриад хол явахгүй.
-Эмэгтэйчүүдийн квот тогтооно гэдгийг та дэмждэг үү. Энэ ер нь зөв үү, буруу юу?
-Эмэгтэйчүүд улс төрд орох дэмжлэгийн орчин нөхцөл их хүнд байдаг. Тийм болохоор дэлхий нийтээрээ хоёр механизм зохиосон. Нэг нь квот, нөгөө нь хэм хэмжээ. Хэм хэмжээ тогтооно гэдэг нь Жендэрийн тэгш эрхийн хуулиар нийт төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа 60:40 байна ч гэдэг юм уу. Манайд боловсрол, хууль зүй, эрүүл мэндийн салбарт урвуу байдал ажиглагдаж байгаа шүү дээ. Эрчүүдийн эзлэх хувь тэнд бага болсон. Энэ бол бас л гажуудал. Тэгэхээр ямар нэг байдлаар нормчлох, хэм хэмжээ тогтоох нь чухал. АНУ-ын дипломат практикт л гэхэд эмэгтэйчүүдийг дэмжих, хэм хэмжээ тогтоож, дипломат албаны төчнөөн хувь нь эмэгтэй байх ёстой гэх зэрэг дэмжлэг байдаг. Шведэд бүх салбартаа хүйсийн тэгш байдал хангагдсан. Ийм хэм хэмжээг тогтоосноороо нийгэмд зөв харьцаа тогтдог.
Квотыг би эмэгтэйчүүдийг дэмжих гэсэн арга ядсан механизм гэж бодохгүй байна. Аль ч улс оронд хэрэглэж ирсэн арга. Гэхдээ манайд эмэгтэйчүүд нэр дэвшигчдийн 15 хувь байна гэдэг дэндүү инээдтэй байна л даа. Яахав дээ хөөрхий, та нар бэлгэ тэмдэг төдий байж бай л гэсэн үг шиг байгаа юм. Дэлхий нийтээрээ 30-40 хувь гэж ярьдаг болсон байна. Тэртэй тэргүй манай хүн амын боловсролын төвшний 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байхад квотыг зохиомлоор 15 хувиар тогтооно гэдэг утгагүй л юм л даа. Тэгснээс надад бол квотгүй байсан нь ч шулуун юм уу.
-Ирэх сонгуулиар ухаалаг машин тавьчихаад саналыг шударгаар тоолно гэж хуулийн төсөлд оруулсан. Яавал будилаангүй, долдугаар сарын 1-нийг давтчихгүй шиг сонгуульдаж чадах бол?
-Бельгид сонгуульд цахим тоолуур хэрэглээд 10 жил болж байна. Тэнд цаасаар сонгууль өгөх аргыг зэрэг хэрэглэдэг. Сонгогчдын 40 хувь нь л цахим хэлбэрийг ашиглаж байна. Орчин үед хакерууд их болсон шүү дээ. Нэг тойрог, нэг хэсэг, нэг хороон дээр машин гацлаа гэхэд саналаа өгчихсөн хүмүүсийг уриалаад, дахиад саналаа өг гэх хэцүү.Манайд бол машин гэхээсээ илүү хамгийн гол зүйл бол иргэний болоод хаягийн бүртгэл зөв сайн байх хэрэгтэй. “Царцааны нүүдэл” гэх зэргийн, нэг хүн хэд хэдэн газар саналаа өгдөг боломжийг зогсоох хэрэгтэй. Бид малаа тоолж чаддаг байж яагаад сонгогчдоо тоолж чадахгүй гэж. Хүн нэг л газар нэг л санал өгөх хэрэгтэй. Сонгуулийн олон тойрогтой байх нь тийм ч сайн явдал биш.
-Том тойрогтой байя гэж үү?
-Мөнгөний сонгуулийг зогсоох нэг арга бол тойрог томсгох. Улс даяар тав, арван бүс байхад хангалттай. Намын жагсаалтаар орж ирэх хүмүүст таван бүс. Нэр дэвшигчдэд бол нийслэлийн зургаа, хөдөөний дөрөв гээд арван бүс байхад боломжтой гэж харагддаг.
-Танд нэг ийм юм бодогддог уу. Нийслэлд хүн амын тал хувь байхад 26-хан гишүүнтэй. Нөгөө 50 хувь нь аж төрдөг орон нутгийг 50 гишүүн төлөөлдөг нь дэндүү тэнцвэртэй биш санагддаг уу?
-Би бол баруун, зүүн, өмнөд, хойд, төвийн бүс ч гэдэг юм уу, дээр нь нийслэл гээд тав, зургаан бүс л байх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ жил хүн амын тооллого болох ёстой. Түүнтэйгээ холбож тойрог, бүсээ их зөв гаргах хэрэгтэй л дээ. Сүүлийн 15 жилд хоёр их том зуд тохиолоо. Үүнээс болж олон хүн Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт нүүж ирлээ. Энд ачаалал их боллоо. Завхан, Говь-Алтай, Увс, Дундговиос зудаас болж олон айл наашаа нүүж байхад тэдгээр аймагт хуучнаараа гурван мандаттай тойрог хэвээрээ л байх уу. Уяач, бөх гээд популист шалгуураар УИХ-ын гишүүнээ сонгоод байх уу. Иргэний бүртгэл, хаягийн бүртгэлээ л маш сайн гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгээд ажиглалт, хяналтаа сайжруулчих. Ингэж чадвал машин гэхээс илүү шударгаар сонгуулиа хийж чадна.
                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж