“Бахчисарайн оргилолт булаг”-ийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Бахчисарайн оргилолт булаг”-ийн эмгэнэл

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжиг дахин амиллаа. Эмгэнэлт энэ үлгэрийн орноор аялах боломжийг бидэнд балетмейстер Алла Викторовна Хабаева олгосон юм. Энэ өдөр түүний 80 насны төрсөн өдөр болсон бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон түүнд зориулж энэхүү бүжгэн жүжгийн тайзнаа тоглолоо. Энэхүү бүжгэн жүжиг нь А.В.Хабаевагийн дэглэлтээр 54 жил манай тайзнаа тоглосон түүхтэй. Анх 1956 онд зургадугаар сарын 18-нд А.В.Хабаевагийн дэглэлтээр тайзнаа амилуулж байжээ. 

А.В.Хабаева нь 1965 онд өсвөр үеийнхэнд зориулж "Сонгино хүү" бүжгэн жүжгийг дэглэн найруулж, 1966 онд Ц.Пунийн "Эсмеральда" бүжгэн жүжгийг хамтран дэглэгчээр ажилласан. Мөн Ш.Гуногийн "Фауст", С.Рахманиновын "Алеко" зэрэг сонгодог дууриудын бүжгүүдийг дэглэн найруулсан бөгөөд монголын бүжгэн жүжгийг урлагийн хөгжилд өөрийн амьдралаа зориулсан нэгэн билээ . Иймд түүний 80 насны төрсөн өдрийг театрын хамт олон болон үе үеийн бүжигчид хамтдаа тэмдэглэсэн юм. “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжиг нь нэрт зохиолч Александр Пущкинийн шүлгээс сэдэвлэсэн Оросын анхны бүжгэн жүжиг юм. Зөвлөлт оросын үед тайзнаа тавигдсан бүжгэн жүжиг учир тухайн үеийн  нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурийг онцлон тодотгожээ.

Дөрвөн бүлэгт энэхүү бүжгэн жүжигт үзэсгэлэнт бүсгүй Мария, ширүүн догшин Гирей хааны хайрын сэтгэлийн тухай өгүүлдэг байна. Энэ удаагийн бүжгэн жүжгийн симфони найрал хөгжимчдийг соёлын тэргүүний ажилтан, удирдаач Ц.Мөнхболд дохиж, үзэсгэлэнт Мария бүсгүйд Г.Цолмон, Вацлавд М.Од, Заремад Б.Баасансүрэн, Гирей хаанд Х.Мөнгөнхөлөг, Мариягийн аавд гавьяат жүжигчин С.Отгонням, Нуралид Х.Ганбаатар, Хар хатанд Р.Байгальмаа, Няняд Ш.Оюунтуяа, хоёр өвгөнд Д.Чинбат, Ц.Мөнхдэлгэр нар тоглолоо.

“Бахчисарайн оргилолт булаг” гэх нэр шигээ сүрлэг, сүр жавхлантай энэхүү бүжгэн жүжгийг анх 1934 оны есдүгээр сарын 28-нд Ленинградын С.М.Кировын нэрэмжит театрт тоглож байжээ. Хөшиг нээгдэж хөгжим эгшиглэхэд Бахчисарайн ордны сэрүү лавринд үзэсгэлэнт Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд хаан Гирей гунигтайгаар сөгдөн сууна.

Нэгдүгээр бүлэг эхлэхэд Залуу бүсгүй Мариягийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж олон түмэн бүжиглэнэ баясана. Мария, Вацлав нар цэцэрлэгт нуугдаж тоглоно. Хөгжилтэй амирлангуй Мариягийн гоо үзэсгэлэнд Вацлав дурлажээ. Харин Мария ухаалаг, зөөлөн Вацлавт мөн сэтгэл алдарчээ. Энэ үед ордонд Гирейн татар цэргийн тагнуулууд сэм нэвтрэв. Зочид баясгалант полонек бүжиг хийж, Мария, Вацлав нар хослон бүжиглэж, тэдний хайр сэтгэл илчлэгдэнэ. Цэнгээн ид дундаа орж байтал гэнэт шархадсан цэрэг орж ирэн олныг айлгана. Энэ үед татарууд цэцэрлэгт нэвтрэн ордны цэргүүдтэй дайтан ордныг эзлэнэ. Вацлав хайрт бүсгүй Марияг хамгаалж, ордноос гарах гэтэл татар цэргүүдэд бүслэгдэнэ. Энэ үед ширүүн догшин хаан Гирей хүрч ирэн Вацлавын амийг хөнөөнө. Хаан Гирей Мариягийн толгойноос алчуурыг автал үзэсгэлэнт төгс түүнийг царайг харан зог тусаж түүнд ухаангүй дурлав. Харин Мариягийн сэтгэл үүрд Вацлавийг хайрлана.

…Гирей хааны Бахчисарайн ордонд хааны олзны олон хатагтайн уйтгарт амьдрал үргэлжилсээр. Харин тэр дунд Гирей хааны янагийн од болсон Гүрж бүсгүй Зарема бүжиглэнэ. Бүрээ дуугарч хаан Гирей ордондоо ирж байгааг мэдэгдэнэ. Зарема хаан Гирейг ирж байгаад баярлан, үс гэзгээ янзлана. Хаан Гирей ордондоо орж ирэхэд Заремаг үл тооно. Зарема гайхан, байтал Мария бүсгүйг дамнан ордонд авчирна. Гирей, Мариягийн гоо үзэсгэлэнд дурлаж, Зарема болон бусад хатнуудаа тоохоо болино. Хатад Марияг харан уурсаж, атаархаж байхад Зарема түүнийг үзэн ядахын зэрэгцээ хаан Гирейн сэтгэл хувирсанд гомдон тунирхана. Харин үзэсгэлэнт Мария эх орон, хайрт залуугаасаа үлдсэн ятга хөгжмөө тэврэн зарц бүсгүйг даган явна. Мария ятга хөгжмөө тэвэрсээр Вацлавыгаа үгүйлэн санаж, уй гашууд автана. Гэнэт Мариягийн өрөөнд Гирей хаан ирж, хайр сэтгэлээ илэрхийлэхэд Мария үл тоон хааны дургүйг хүргэнэ. Хэдий уурласан ч Гирей хаан Марияг яаж ч чадахгүй байлаа. Түүнд хүрэхээсээ ч эмээж байв. Мария унтахаар хэвтэхэд Зарема өрөөнд нь сэм гэтэн орж ирсээр түүнд Гирей хаанд хязгааргүй их хайртай гэдгээ хэлнэ. Харин Мария Гирей хаан бус Вацлавыг үргэлж хайрлах болно гэдгээ хэлснээр Зарема тайвшрана. Зарема Марияд итгэн өрөөнөөс нь гарах гэтэл Гирей хааны малгайг харан хардаж, уурсаж Марияг хутгалана. Хаан гирей орж ирэн хайртай бүсгүйг нь хутгалсан Заремаг алах гэсэн боловч Зарема өөдөөс нь намайг ал хэмээн зоригтой зогсоход хаан хутгаа хаяж зарц нар түүнийг авч явна. Гирей хаан үзэсгэлэнт Мариягийн цогцсын дэргэд сөгдөн сууж, уй гашууд автав.

Хаан Гирей Заремаг цаазлахыг тушаана. Цэргийн дарга Нурали цэргүүдтэйгээ аян дайнаас эргэж ирж, олзны бүсгүйчүүдийг хаанд танилцуулна. Гэвч Гирей хаанд олзны эмэгтэй сонин биш байлаа. Тэр Марияг бодсоор байв. Заремаг цэргүүд барьж ирэн өндөр хаднаа түлхэн унагаана. Гирей хааны сэтгэл уй гашууд автана Мариягийн дурсгалд зориулан Бахчисарайн сэрүүн ордонд гантиг чулуугаар хийсэн усан оргилуур хийлгэнэ, үргэлж хажууд нь сууж Марияг үгүйлэн санана.

Ширүүн догшин Гирей хааны дүрд Х.Мөнгөнлөг гайхалтай чадварлаг тоглож, үзэгчдээс алга ташилтыг харамгүй хүртсэн. Өдгөө 80 насыг зооголж буй А.В.Хабаевагийн найуурлан тавьсан нь Монголын сонгодог бүжгийн хөгжлийн суурийг тавьсан нь түүхэнд үлдэх үйл явдал болсон ба одоог хүртэл тайзнаас буцаагүй, тоглож байгаа цорын ганц бүжгэн жүжиг юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж