УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг авч хэлэлцээд зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг Олон улсын валютын сантай тохирсон Стэндбай хөтөлбөрийг хангах үүднээс гаргасан юм байна. Учир нь тус сангаас Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулалтаа заасан хэмжээнээс хэтрүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй болно гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хэлбэлзэлтэй, 2010оны төсөвт тооцсон үнээс доогуур болж, буусан нь тус бүлгийнхний хувьд 2010 оны төсөвт суусан зарим хөрөнгө оруулалтыг ирэх жилд шилжүүлэхээс аргагүй гэсэн байр сууринд хүргэжээ. Харин Хүүхдийн мөнгөний тухайд сар тутамд олгоод явах нь зөв гэж үзсэн ч ирэх сараас эхлэн олгох эсэх тухайд Төсвийн тодотголд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг суулгаж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарна” гэсэн хариултыг Д.Лүндээжанцан дарга өглөө.
Г.ДАРЬ