
Ардчиллын анхны 13 өлсөгчийн нэг, өдгөө бол Монголын ард түмний хянан шалгах хороо хэмээх УИХ, Хамтарсан Засгийн газартай тэмцэгч байгууллагын дарга Д.Нинж ч МАХН-ын гишүүн болсон. Түүнийг МАХН-ын Онц их хурлын эхний өдрийн хуралдааны төгсгөлд Улсын мөрдөн байцаах газрынхан баривчлан Ганц худагт хорьсноор МАХН-д карьер хийх боломжоо хаалгасан юм. Д.Нинж “С.Зоригийн аллагын цаана Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар бий” хэмээн зарласан, мөн МАН 500 мянган ам.долларын хахууль өгч намаа Улсын дээд шүхэд бүртгүүлсэн” гэж хэлсэн зэргээсээ болж баривчлагдсан, бүр хахуулийн хэргээр баригдсан гэх мэт олон таамаг хөвөрч байв. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд нарын тэмцэгчид ч МАХН-ын Онц их хуралд оролцов. Зарим төлөөлөгч “Дуучин С.Жавхлан бол сайн эх оронч, мундаг тэмцэгч залуу. Түүнийг МАХН-д заавал элсүүлэх хэрэгтэй” хэмээж байв. Эндээс харвал МАХН-ынхан жагсч тэмцэж сурсан олон гишүүнээр эгнээгээ тэлэх бололтой.
Д.ОЮУН