Т.Ганди сайд Хэнтий аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Т.Ганди сайд Хэнтий аймагт ажиллалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 26-27-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн байдал, мал төллөх бэлтгэл, өвс тэжээлийн нөөц ямар хэмжээнд байгаа болон нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, даатгалын үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаатай танилцав.

    Аймгийн засаг дарга Ч.Эрдэнэбаатар аймгийн өвөлжилт, хөдөлмөр эрхлэлт, Хүний хөгжил сангаас иргэдэд олгож буй 21 мянган төгрөг болон боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн НХХ-ийн сайд Т.Ганди тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзав.

    Уулзалтын үеэр Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласныг танилцуулж, энэ онд Хэнтий аймагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 100-аад сая төгрөг хуваарилж байгааг дуулгасан юм. Энэ хөрөнгө мөнгийг олон жил ажил хийгээгүй иргэд, 40-өөс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид зэрэг ажил эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийг ажилтай орлоготой болгох, дахин мэргэшүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ иргэдийн ирээдүйн баталгааг хангах нийгмийн даатгалд хамруулах, эрүүл мэндээ сайжруулах, боловсролоо дээшлүүлэх, цагийн хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ядуурлаас гарахад нь туслан дэмжих, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

    Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалингийн шинэчлэлийг хийх, өрхийн хөгжил, гэр бүл, хүний хөгжилд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймд Хэнтий аймаг бол газар зүй, эдийн засаг, хүн ам, дэд бүтцийн таатай нөхцөл байдлаа ашиглан илүү их үр дүнтэй ажиллах боломжтой хэмээн онцлон ярьж салбар агентлаг, байгууллагуудад ажлаа уялдуулан, үр дүнтэй ажиллахыг чиглэл болгов.  

    НХХ-ийн сайд Т.Ганди Хэнтий аймагт ажиллахдаа Монгол Улсын Засгийн газраас бэлгийн тооллын шинийн нэгнийг угтан жил бүр шалгаруулан олгодог “Сайн малчин”-ы шагналыг тус аймгийн малчин З.Пүрэвжав, Н.Жамсранжав нарт, Атрын III аяны хүрээнд гурван мянган га газарт тариалалт хийн, өндөр үр ашигтай ажилласан “Мөнх-Улз” ХХК-д “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-ы шагналыг тус тус гардуулан өглөө.

    Эдгээр сайн малчид нь сум багийнхаа амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой 7-14 өрхийг малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухаанд сургажээ. Хэнтий аймагт 362 мянгат малчин байдгаас энэ жил мянгат малчин 40-өөр нэмэгдсэн бөгөөд малын тоогоороо улсад тавдугаарт орж байгаа ажээ.
    Тус аймаг нь 17 суманд 3,8 сая толгой мал өвөлжиж хаваржихаар бэлтгэлээ хангаж, нөөцөд 225 тонн өвс, 350 тонн тэжээлийг бэлтгэн нөөцөлсөн тухай НХХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж