
Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор боловсролын хүрээлэнгийн бүтцэд казах хүүхдийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх чиг үүрэг бүхий сектор байгуулахаар болж байгаа юм. Мөн казах хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хянаж, казах болон монгол хэл судлах цагийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох замаар сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болж байна.
Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой. Тогтоолоор 2010 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон юм.
Түүнчлэн 2010 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, бусад чиглэлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж ямар шаардлага хангасан байх талаархи мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс авч чадна.
Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг нийтэллээ. Ашигт малтмалын тухай хуульд заасан “нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно”, “үргэлжлүүлэн эзэмших давуу эрх”, “тэргүүн ээлжинд авах давуу эрх”, “урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан”, “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх” гэдгийг хэрхэн ойлгохыг эмхтгэлийн хуудаснаас мэдэх боломжтой.
2010.06.14