Бямба гаригийн орой Германы зүүн хэсгийн Магдабург хотын ойролцоох Саксон Анхолтод орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг болон ачааны галт тэрэг хоорондоо мөргөлдөж, хамгийн багаар тооцоход 10 хүн амиа алдаад байна. Зорчигч тээврийн галт тэрэг нь Магдабургээс Халбэрстадт хотыг зорьж явжээ. Шинжээчид одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд ойролцоогоор 33 хүн гэмтэж бэртсэн байна.
Аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа тухай BBC агентлаг мэдээллээ. Ослын газарт нийтдээ 150 гаруй гал сөнөөгч, цагдаа, онцгой байдлын ажилчид ажиллаж байгаа ажээ. Осолдсон зорчигчийн гал тэрэг нь Магдабургруу явах бямба гаригийн оройн хамгийн сүүлийн маршрут байсан бөгөөд шөнө нь уг төмөр зам дээр засварын ажил хийхээр төлөвлөсөн байжээ. Осол болох үед зорчигчийн галт тэргэнд 45 зорчигч сууж явсан байна.
Б. Энхцэцэг