
Гэтэл ажлын хэсгийнхэн томоохон импортлогчдын нөөцөлж буй түлш, шатахууныг саяхан шалгахаар болжээ. Ажлын хэсгийн шалгалт ирэхээс хоёр хоногийн өмнө Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан өөрийн орлогч дарга болон хэлтсийн дарга нартаа хувийн компаниудад байгаа түлш, шатахууныг даруйхан лацдахыг үүрэг болгосон байна. Үүрэг, даалгавар авсан дарга нар ч дээрх ажлыг ганцхан өдрийн дотор амжуулж Д.Амарсайхан даргын сэтгэлийг амраажээ. Ажлын хэсгийн нэгэн гишүүн манайдаа л томоохонд ордог нэгэн нефть импортлогчийн агуулахад очоод нөөцийн түлш, шатахууны савны лацыг хараад эгээтэй л ухаан алдаагүй гэнэ. Учир нь 2008 оны арав, арваннэгдүгээр сард оруулж ирж хадгалж, лацадсан нөөцийн түлш, шатахууны лац шинээрээ байжээ. Арга ч үгүй, өмнөх өдөр нь анх удаа лацадсан юм чинь шинэ байлгүй яахав. Эрхэм гишүүн“Та нар арай ч дээ. Ядаж наад шинэ лац руугаа тостой шороо цацчих ухаан алга уу” гэхээс өөр үг хэлж чадахгүй толгойгоо сэгсэрч байсныг харуул, хамгаалалтын ажилчид нь хараад инээлдэж байжээ. Энэ үед эрхэм гишүүнийг дагаж явсан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан орлогч дарга, хэлтсийн дарга нартаа л томорсон аж. Өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын чуулганы танхимд дээрх нөөцөлсөн түлш, шатахууны талаар хэлэлцэж байх үед Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “Нөөцөлсөн түлш, шатахуун найдвартай агуулахад, лац ломбо, харуул хамгаалалттай байгаа. Манай газрын Үйлдвэрлэл, техник, технологийн хэлтсийн мэргэжилтнүүд сар бүр үзэж шалгаж байгаа учраас найдвартай” гээд л цээжээ дэлдэж байсан. УИХ-ын гишүүд ч муу ёрлосон юм шиг “Яг найдвартай байж харагдаач. Гурван жилийн хугацаанд та нар нийлээд хэдэн ч удаа эргүүлдсэн байж болно” гэж бухимдаж байсныг хүмүүс мартаагүй. Эрхэм гишүүдийн ингэж бухимдах ч үнэний ортой байсныг дээрх үйл явц харуулж байна. Тэгээд ч АМГТХЭГ-ыг 2008 оны эцэст хоёр өөр байгууллага болгожээ. УИХ-ын 43, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрыг тусад нь байгуулсан байна. Уг нь нөөцийн бензин, шатахуун 2008 оны арав, арваннэгдүгээр сард ачигдаж ирсний дараа түүнийг ажил үүргийнхээ дагуу АМГТХЭГ-ын Нөөцийн салбарын дарга Д.Амарсайхан хүлээн авах байсан ч албан тушаал нь томроод энэ тэр гэсээр байгаад өнөөг хүртэл аваагүй ажээ. Иймээс улс өнөөдрийн хувьд цаасан дээр л 40 гаруй тэрбум төгрөгөөр 30 шахам мянган тонн түлш, шатахуун нөөцөлж авлаа гэж байгаа ч үнэндээ түүнийхээ хэмжээ, чанарын тал дээр одоо болтол хүлээн аваагүй гэсэн үг. Д.Амарсайхан даргын Нөөцийн салбар Газрын тосны газар хэмээн томорч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон ч хувийн компанид хадгалуулж байгаа түлш, шатахуунаа саяхныг болтол лацдахаа мартсан нь гайхалтай.

2008 онд нөөцөлж авсан 30 шахам мянган тонн түлш, шатахууныг хувийн компанийн агуулахад хадгалсных нь төлөө улс жилдээ найман тэрбум төгрөг зарцуулдаг байна. Өнгөрсөн хугацаанд нөөцийн түлш, шатахууны хадгалалтад зориулж улсын төсвөөс 14.6 тэрбум төгрөг зарцуулаад байгааг Сангийн яамны мэргэжилтнүүд тооцсон байдаг. Гэтэл Д.Амарсайхан дарга “Би энэ түлш, шатахууныг эргэлдүүлээгүй, лац тэмдэгтэйгээ хадгалагдаж байгаа” хэмээн парламентын ордноос хариуцлагатай нь аргагүй мэдэгдэж байхад түлш, шатахуун импортлогчид дээрх түлш, шатахууныг 3-4 удаа эргэлтэд оруулсан байж болохыг эх сурвалж өгүүлж байна. Түүгээр ч үл барам нефть импортлогч томоохон компанийн агуулахад нөөцөлсөн гээд байгаа түлш, шатахууныг нарийн шалгавал зарим сав суулга нь хоосон байж болох талтай гэнэ. Учир нь нефть импортлогчид өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс эхлэн зуны түлш, шатахуунаа татсан юм байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол оронд газрын тосны салбар үүсч хөгжсөний түүхт ой тохиов. Энэ үеэр Д.Амарсайхан дарга нефть импортлогчдоос тус бүрээс нь хоёр сая төгрөгийн хандив гуйсан байна. Өнөөдүүл нь ч “Манай хандив энэ” гээд дугтуйтай мөнгийг Газрын тосны газрын даргын гарт атгуулжээ. Зарим нэг томоохон импортлогч “Хоёрхон сая төгрөг хандивлана гэдэг ч хаашаа юм бэ” гээд хэтэвчнийхээ хэрээр биш гэхэд гуйсан хоёр саяыг нь нугалж ч өгсөн аж. Д.Амарсайхан дарга энэ мөнгөөр эхлээд онол, практикийн бага хурал хийлгэжээ. Энд ч юун их мөнгө ороо аж. Харин үлдсэн мөнгийг нь “SS club”-т 250 хүний хүлээн авалтад л зарцуулсан бололтой. Учир нь хүлээн авалт, онол практикийн хурал хоёроос өөр газрын тосны салбарын түүхт ойн үеэр хийсэн зүйл энэ гээд харуулчих зүйл дээрх байгууллагад байдаггүй гэнэ. Ингэж нефть импортлогчид, Газрын тосны газар хоёр хүзүү сээрээрээ холбогдож нөөцийн 30 шахам мянган тонн түлш, шатахууныг хэдэнтээ эргэлдүүлж, үүнийхээ шанд улсаас жилдээ найман тэрбум төгрөгийг авч байгаа бололтой. Иймээс л Р.Буд гишүүний ахалсан ажлын хэсэг 30 гаруй мянган тонн түлш, шатахуун тоо ёсоороо байгаа эсэхэд эргэлзэн яах учраа олохгүй байна.
Н.Мөнхтөр.
Улс төрийн тойм сонин