Цусны доноруудын дэлхийн өдөр
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэйгээр цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөнийг дэмжин, тогтоол гаргасан байна. WHA58.13 тогтоолдоо тэд жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг цусаа өгөгч доноруудын дэлхийн өдөр (World Blood Donor Day) болгон зарласан байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн ба улаан хавирган сар нийгмэлэгүүдийн холбоо, Олон улсын цус өгөх нийгэмлэг ба Цусны доноруудын байгууллагуудын холбоо зохицуулан явуулдаг байна.
Америкийн төрийн далбааны өдөр
Тусгаар тогтнолын дайн ид үргэлжилж байсан 1777 онд Эх газрын Конгресс од, зураас бүхий тугийг (Stars and Stripes) Америкийн бүх чөлөөт мужуудын албан ёсны далбаа болгон баталсан байна. Энэ өдөр америкчууд гэр орноо төрийн далбаагаар чимж, эх оронч үзлээ илэрхийлдэг юм. Далбааны өдрийг (Flag Day) тэмдэглэх санааг 1885 онд сургуулийн багш Б. Дж. Сигранд гаргаж, сурагч нартаа зориулан далбааны өдрийг тэмдэглэжээ. Дараа нь тэрээр олон тооны өгүүлэл болон захидалдаа энэ өдрийг тэмдэглэх санаагаа илэрхийлсээр байв. Мужуудын сайд Франклин К. Лейн, 1914 оны Төрийн далбааны өдрөөр далбааны өмнөөс “Та нарын хийснээр би байгаа. Би та нарын нүдний өмнө гэрэл гэгээний хурц туяа болон дэрвэж байна. Би бол та нарын бэлгэдэл” гэсэн үгийг хэлж байлаа. АНУ-ын улсын ерөнхийлөгч Вудро Вильсон 1777 онд тунхаглагдсан төрийн далбааны өдрийг албан ёсоор Америкийн баяр болгох шийдвэрийг 1916 оны тавдугаар сарын 30-нд гаргаж байжээ. Дараа нь ерөнхийлөгч Трумен Төрийн далбааны өдрийг зургадугаар сарын 14-нд тэмдэглэх Конгрессийн хуулийг 1949 оны наймдугаар сарын 3-нд баталгаажуулсан байна. Америкийн далбаа нь адилхан хэмжээний улаан 13 зураасыг цагаан зураастай ээлж дараалан дээрээс нь байрласан байх ба зүүн дээд буланд нь 50 жижиг таван хошуутай тэгш өнцөгтийг байрлуулсан байдаг. Однууд нь зургаа болон таван ширхэгээр эгнээг үүсгэн дараалах бөгөөд нийт 50 таван хошуу нь муж бүрийн бэлгэдэл ба 13 зураас нь эхэнд байсан 13 колонийг заадаг. Далбааг Хөгшин алдар (Old Glory) гэж бас нэрлэдэг.
Фолклендын арлыг чөлөөлсний баяр
Их Британид энэ өдөр 1982 онд маргаантай арлуудыг эзэлсэн Аргентины десантынхантай хүнд тулалдаан хийсний явцад уг арлуудыг чөлөөлсний баяраа хийдэг. Англи, Аргентины сөргөлдөөн эртнээс эхэлсэн ба харин энэ удаа Орос гаралтай Аргентин бизнесмен Константин Давидоффоос болон гарчээ. Тэрээр Британийн амбан захирагчийн захирамжид байдаг Өмнөд Георгийн арлын халим агнуурын хуучин баазыг хаягдал төмөр болгохоор худалдан авсан байв. Дөнгөж 200 мянган ам.доллараар зарагдсан баазын хаягдал төмөр эх газарт 10 сая хүрэхээр их орлоготой байсан юм. Аралд ажилчдыг авчран баазыг л буулгах үлдээд байв. Тэрээр Английн флотод хандсан боловч тэр аралд Аргентины сонирхол бий гээд үл зөвшөөрсөн байна. Тэгээд тэр Аргентины цэргийн хөлөг онгоцоор ажилчдыг авчирсан байна. Тэд хуучин баазад Аргентины төрийн далбааг мандуулсны улмаас Фолклендын дайн эхэлсэн юм.
Өдрийн ишлэл
“Фолклендын арлууд дахь Аргентины хуурай зам, тэнгисийн цэрэг, нисэх хүчний командлагч, доор гарын үсэг зурагч би Марио Бенхамин Менедес би Хатан хааны Засгийн газрын төлөөлөгч, хошууч генерал Жереми Мур-т бууж өглөө…”
(Порт-Стэнлид 1982 оны зургадугаар сарын 14-нд гарын үсэг зурагдсан Фолклендын арлууд дахь Аргентины зэвсэгт хүчний буун өгсөн тухай баримтын эхлэл)
Флоклендын арлуудын нийслэл Порт-Стэнли
Аргентины зэвсэгт хүчин арлуудыг 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд эзэлжээ. Их Британийн ерөнхий сайд М.Тэтчер Флоклендыг чөлөөлөхийн тулд 110 хөлөг онгоцоор 28 мянган хүнтэй корпусыг тийш нь илгээсэн байв. Энэ сөргөлдөөнөөр британийн 255 хүн Аргентины 195 хүн (Аргентины мэдээгээр) амиа алдсан байв. Британийн мэдээгээр аргентинчуудын хохирол 655 хүн болжээ.
Хатан хааны төрсөн өдөр
Австрали хоёр удаа хатан хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг. Австраличуудын ихэнх нь хатан хааны төрсөн өдрийг зургадугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэнэ. Харин Баруун Австралид тэр өдрийг есдүгээр сарын 30-нд ойр даваа гаригт тэмдэглэдэг ажээ. Үнэн хэрэгтээ хатан хаан Виндзорын Елизавета Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төржээ.
Үйл явдал
1645 ОН: Энэ өдөр Британийн парламентын хувьсгалт арми Несбийн дэргэдэх (Нортгемптоншир, Англи) тулалдаанд I Карл хааны армийг ялжээ.
I Карл
XVII зууны дөчөөд оны Английн хувьсгал нь Британийн феодал язгууртнууд ба I Карл Стюарт нэг талаас, нөгөө талаас хот, хөдөөгийн хөрөнгөтнүүдийг төлөөлсөн парламентын хоёрын сөргөлдөөнөөс үүдэлтэй. Тэр жилийн хавар байгуулсан парламентын 22 мянган хүнтэй арми хааны 7,5 мянган хүнтэй армийг армийг ялсан байна. Үүний дараа Карл хаан эсрэг талдаа эсэргүүцэл өгөх хүчгүй болсон байлаа.
1834 ОН: Зүлгүүрийн цаасны патентыг Америкийн бага Айзек Фишер гэдэг хүн авчээ. Ер нь бол анхны зүлгүүрийн цаасыг хятадууд дунгийн халс, элсний тусламжтайгаар хийж байсан гэдэг. Английн Жон Океи гэгч 1833 онд нунтагласан шилийг цаасанд наан зүлгүүр хийсэн байлаа. Америкийн Фишер зүлгүүртээ карбид цахиурын нунтаг ба хөнгөн цаааны үрдэсийг ашигласан байжээ.
1942 ОН: Америкийн дэлгэцнээ Уолт Диснейн “Бэмби” гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарчээ. Уг киног 1923 онд хэвлэгдсэн Австрийн зохиолч Феликс Зельтены “ижил нэртэй номоор бүтээсэн ба бяцхан янзаганы хүүхэд ба залуу нас, түүний эцэг, эх болон найз нөхөд ба хорон санаатнуудын тухай өгүүлдэг. Дисней уг киног 1936 онд бүтээж эхэлсэн боловч үйлдвэрлэлийн доголдлоос болон 1942 онд л дуусгасан байна.