МҮБХ-ноос өчигдөр XVII жарны “илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгууллаа. “ОБ Капитал” групп, Зүүн хүрээ Дашчойлин хийдээс хамтран зохион байгуулсан уг барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Давст сумын харьяат, Дулааны 4-р цахилгаан станцын бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Шинэ-Ази” компанийн бөх, аймгийн арслан Ш.Жаргалсайхан үзүүрлэлээ. Түүнчлэн их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Макс” группийн бөх, аймгийн арслан Б.Сангисүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Б.Батзориг нар үлдсэн бол дунд шөвөгт Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Б.Одгэрэл, Дундговь аймгийн харьяат, аймгийн арслан Л.Алтанхуяг болон аймгийн начин Н.Батсуурь нар шалгарчээ.
Б.Баясах