Дээд лигт найман баг өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Дээд лигт найман баг өрсөлдөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын сагсан бөмбөгийн холбооны 14 дэх удаагийн дээд лигийн аварга
    шалгаруулах тэмцээн баасан гаригт Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Сэнгүр лиг гэдгээрээ олны танил болсон дээд лигийн тэмцээнийг энэ жилээс “Monnis” компани ивээн тэтгэх болсон учир “Nissan” премьер лиг нэртэйгээр лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн дээд лигийн хамрах цар хүрээ нэмэгдэж, анх удаа найман багийн 100 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд шинээр “Милл хаус” компанийн “Ав-атар” болон ШШГЕГ-ын “Сүлд” багууд Nissan премьер лигт хөл тавьж байна. Харин хууччуулаас лигийн гурван удаагийн аварга, О.Баярцогт дасгалжуулагчтай “Хасын хүлгүүд”, Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай “Баянзүрх Буллз”, Д.Уртнасан дасгалжуулагчтай “Харцага”, О.Баатарзоригт дасгалжуулагчтай “ШУТИС-ийн Шаркс”, С.Тулга дасгалжуулагчтай “TLG-13”, Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай “Ирвэс” багууд хүч сорьж байна.

    Уламжлал ёсоор лигийн эхний өдөр өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” баг тэмцээнийг нээж, “Ав-атар” багтай эхний тоглолтыг хийсэн. Тус тоглолтод “Хүлгүүд” туршлага зааж, 71:63 харьцаатай ялалт байгуулсан юм. Харин хоёр дахь тоглолт “Бридж Констракшн”-ы “Баянзүрх Буллз” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багуудын хооронд болж, 70:62 харьцаатай “Буллз”-ын хожлоор өндөрлөсөн.

    Сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд энэ жилээс эхлэн оролцох болсон “Милл хаус” компанийн “Ав-атар” баг лигийн эхний тоглолтоо хийсний дараа хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хэдийгээр эхний тоглолтдоо ялагдсан ч “Ав-атар”-чууд цаашид нэг баг болж нэгдэхийн тулд бэлтгэлээ эрчимтэй хийх болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр ярьж байлаа. Тус хуралд “Ав-атар” багийн дасгалжуулагч Ларри Сан Тейно, АНУ-аас ирсэн гурван лигионер тоглогчид болох Жеффри, Лекс, Вилльямс нар, тус багийн ахлагч Ш.Сэдбазар болон “Милл хаус” компанийн ерөнхий менежер М.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. “Ав-атар” багийн хувьд үндсэн гурван зорилго дэвшүүлэн лигийн тэмцээнд хүч сорьж буй гэнэ. Мэдээж МСБХ-ны дээд лигийн зорилго болох Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг энэ спортод дуртай болгох, сонирхлыг нь татах үйлст хувь нэмрээ оруулах явдал тус багийнхны зорилго бөгөөд аливаа тэмцээн, уралдаанд оролцож буй багийн хувьд тэмцээнд түрүүлэх, мөн сагсан бөмбөгийн “Ав-атар” багаар дамжуулан “Милл хаус” компанийн үйлдвэрлэж буй “Атар” гурилыг нийтэд сурталчлах зорилго агуулснаа тэд ярьж байлаа. Хэвлэлийн хурлын үеэр АНУ-аас манай улсад ирж, дээд лигийн тэмцээнд оролцож буй гурван лигионер тоглогчдын гэрээний хугацаа болон цалингийн талаар сонирхоход, тэдгээр тоглогчид нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг хэлээд цалингийн хэмжээг харин нууцалж байсан юм.


    С.Шүр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж