Д.Отгонцэцэг алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг алтан медаль хүртлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ОХУ-ын Красноярск хотноо нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн “Мюнхен-72”, “Монреаль-76” олимпийн наадам, ДАШТ, “Дэлхийн цом”-ын аварга  Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при” олон улсын тэмцээнээс манай тамирчин Д.Отгонцэцэг /эмэгтэй 51 кг/ алтан медаль хүртэж, О.Насанбурмаа /эмэгтэй 63 кг/ хүрэлийн медалийн эзэн болсон байна. Манай бусад тамирчдын тухайд хараахан медальд хүрч чадсангүй. Тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр дууссан бол өнөөдөр эрэгтэйчүүдийн хүнд жингийн барилдаан болох юм. 

    ОХУ-д болж буй цуврал тэмцээнүүдэд оролцож буй манай тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулж байгаа бол багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Наранбаатар, Д.Цогтбаатар, Г.Амархүү, Б.Номин, С.Батболд, 60 кг-д Э.Ням-Очир, Г.Мандахнаран, Б.Хаш-Эрдэнэ, Х.Ундрахбаяр, Т.Түвшинтулга, Б.Нэмэхбаяр, 66 кг-д Г.Идэрхүү, П.Өнөрбат, Т.Даваахуяг, 74 кг-д Б.Номиндалай, М.Мэндсайхан, 84 кг-д П.Өсөхбаатар, Д.Хүдэрбулга, 96 кг-д Я.Алтантулга, Ч.Батчулуун нар багтаж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Ганчимэг, Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Сумъяа, С.Бямбацэрэн, 63 кг-д О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, Т.Мөнхтуяа, 72 кг-д О.Бурмаа, Б.Оюунсүрэн нар “Алтан гран-при”-д өрсөлдлөө.

    Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртсэн Д.Отгонцэцэг нь 1990 онд төрсөн, Дархан-Уул аймгийн “Хасу Мегаватт” компанийн тамирчин бөгөөд түүний анхны багш дасгалжуулагч Ц.Баярсайхан юм. Тэрбээр 2007 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ба 2009 онд Тайландын Паттая хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Туркийн Анкара хотноо болсон залуучуудын ДАШТ, 2010 онд Унгарын Будапешт хотноо болсон залуучуудын ДАШТ-нээс тус тус хүрэл медаль хүртэж байсан, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

    Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар  1991 онд, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар 1999 онд алтан медаль хүртэж байсан бол Д.Отгонцэцэг тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.

    С.Цэлмэг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж