Н.Мандела нээлтийн ажиллагаанд ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Н.Мандела нээлтийн ажиллагаанд ирсэнгүй

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “нийслэл” ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Нельсон Манделагийн гуч охин хөлбөмбөгийн агуу баяр наадмын нээлтийн өмнөх өдөр авто ослоор таалал төгссөнд тэрбээр туйлын ихээр эмгэнэн гашуудаж, нээлтийн ажиллагаанд оролцоно гэж байснаа цуцалжээ. Орон нутгийн цагаар пүрэв гаригийн үдэш ДАШТ-ий өмнөх нээлтийн концерт болж, Shakira, Black eyed peas, R.Kelly зэрэг дэлхийн тавцанд нэр алдраа дуурсгасан одод оролцсон бөгөөд Манделагийн гуч охин Зинани Мандела Совето хотод болсон уг тоглолтыг үзээд харьж явах замдаа авто осолд амиа алдсан юм. Ослоор түүнээс өөр хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд цагдаа нар машины жолоочийг согтуу байсан хэмээн саатуулсан байна.
 
Арьсны өнгөөр гадуурхах үзэлтэй тууштай тэмцсээр ирсэн нэрт удирдагч Нельсон Мандела өдгөө 91 настай бөгөөд хэдийгээр биеийн байдал тааруу байгаа ч нээлтийн ажиллагаанд биеэрээ оролцоно гэж байсан юм. Гэтэл нээлтийн өмнөх энэхүү харамсалтай мэдээ түүний биеийн байдалд бүр ч сөргөөр нөлөөлжээ.
Өмнөд африкчууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөлбөмбөгийн спортоор амьсгалж эхэлсэн бөгөөд бүхий л зүйлээ энэхүү агуу спортод зориулж байна. Нутгийн дэмжигчид улсынхаа багийг алтан цом өргөнө гэдэгт итгэн найдаж байгаа ч “Бафана Бафана” түүхэндээ дэлхийн аваргын хэсгийн шатнаас хэтэрч байгаагүй юм. Гэхдээ зааны орилж буй дуутай төстэй сонсогдох африкчуудын алдарт вувузела гэх хуванцар бүрээн дуу “Бафана Бафана”-г хол замд хөтөлнө гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэл дүүрэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж