Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

ДАШТ: 2 дахь өдөр

Дэлхийн спортын агуу наадам хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Анх удаагаа Хар тивд зохион байгуулагдаж буйгаар онцлогтой энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдгөө дэлхийн нийтийн анхаарлын төвд зүй ёсоор байна.

Өчигдөр тэмцээний “В” хэсгийн хоёр, “С” хэсгийн нэг тоглолт болж өнгөрсөн бөгөөд хэл, язгуур нэгтэй АНУ болон Английн багийн тоглолт хамгийн сонирхолтой нь байлаа. Монголын цагаар урьд шөнө 02.30 цагаас эхэлсэн “С” хэсгийн Англи болон АНУ-ын багийн тоглолт Рустенбург хотын “Роял Бафокенг” цэнгэлдэхэд ширүүхэн өрнөж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийнхан тоглолтын дөрөв дэх минутаас эхлэн Стивен Жеррардын гоолын ачаар тоглолтыг манлайлж эхэлсэн боловч 40 дэх минутад Английн хаалгач Роберт Грин үнэхээр том алдаа гаргаж, АНУ-ын багийн хагас хамгаалагч Клинт Демпсигийн өшиглөсөн бөмбөгийг хаасан боловч алдаж, өөрийнхөө хаалганд гоол оруулах нь тэр. Тооны харьцаа 1:1.

Хоёрдугаар хагас эхлээд хоёр баг аль аль нь тооны харьцааг өөрчлөх гэж хичээсэн боловч бөмбөг хаалганд орох тавилангүй байв. Өрсөлдөгч багууд хоёул нэг бус удаа амжилттай довтолгоог эхлүүлсэн ч дахин гоол оруулж чадалгүй, тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хуваасан юм.

Харин өнөөдөр энэ хэсэгт багтсан Алжир болон Словенийн багуудын тоглолт Полокване хотноо болох бөгөөд хэсгийн эхний тоглолтын дараах байдлаар хэн нь хэсгээ манлайлах вэ гэдгийг тодруулах учиртай.

Мөн өчигдөр болж өнгөрсөн “В” хэсгийн хоёр тоглолтын дараах байдлаар Азийн төлөөлөл БНСУ-ын баг хэсгээ манлайлж, Марадонагийн хөвгүүд удаалж байна. Энэ жил цахиур хагалах багуудын тоонд багтаж буй Өмнөд Солонгосын баг Европын аварга Грекийн шигшээг  2:0-ээр төвөггүй хожсон. 2002 онд нутагтаа болсон дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байсан Өмнөд Солонгосчууд энэ удаад И Жун-Сү, Пак Чи-сон нарын гоолоор өрсөлдөгчөө хожиж, гараагаа амжилттай эхлүүллээ.

Харин Диего Марадонагийн удирдлага дор тоглож буй Аргентиний шигшээ баг Йоханнесбург хотноо Нигерийн багийг 1:0-ээр хожсон. Тоглолт эхлээд дөнгөж зургаа дахь минутад хамгаалагч Габриэль Хайнце гайхалтай гоолын эзэн болсон юм. Багийн анд Вероны гүйцэтгэсэн булангийн цохилтыг шууд мөргөж, Нигерийн багийн чадварлаг хаалгач Винсент Эньеамагийн хаалгыг ганган гоолоор мялаасан нь ялалт авчирсан цорын ганц гоол байлаа. Гэхдээ Эньеама дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн олон ч довтолгоог зогсоож, дэлхийн аваргын дэвжээнд чадварлаг хаалгач гэдгээ батлан харуулсан юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж