
Уламжлал ёсоор “А” хэсэгт багтсан зохион байгуулагч Өмнөд Африк болон Мексикийн багийн тоглолтоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Хөгжөөн дэмжигчдийнхээ дунд “Бафана Бафана” /Урагшаа, урагшаа/ хэмээн нэрлэгддэг зохион байгуулагч орны баг 55 дахь минутаас эхлэн Сифиве Тшабалалагийн гоолын ачаар тоглолтыг манлайлж эхэлсэн боловч “Барса”-гийн тоглогч Маркез тоглолт өндөрлөхөөс 11 минутын өмнө тэнцээний гоолыг оруулснаар Өмнөд африкчуудын ялах гэсэн чин хүслийг үгүй хийсэн гэж болно.

Мөн эхний өдөр “А” хэсгийн Франц болон Уругвайн багийн тоглолт Кейптаун хотын төв цэнгэлдэхэд болж, гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм.
Ингэснээр эхний тоглолтын дараах байдлаар “А” хэсэгт Мексикийн баг тэргүүнд бичигдэж, зохион байгуулагч “Бафана Бафана” удаалж байна. Энэ хэсгийн ээлжит тоглолтууд 17-ны пүрэв гаригт үргэлжилнэ.
С.Цэлмэг