Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх танилцуулгадаа Говь-Алтай аймгийн Тайшир сум, Ховд аймгийн Дөргөн суманд барьсан усан цахилгаан станцууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй ай сав болох Их нууруудын хотгорын сав газарт байгуулагдсан манай улсын хувьд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллахаар тооцож зураг төсөл хийгдсэн анхны усан цахилгаан станцууд юм. Тайширын УЦС-ыг барих Техник эдийн засгийн үндэслэлд Говь-Алтай, Завхан аймгийн төв болон ойролцоохь найман сумыг цахилгаанаар хангах, Дөргөний 12 мВт суурилагдсан хүчин чадалтай УЦС-ыг Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудыг цахилгаанаар хангахаар тооцож, жилд 37-38 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр гадаадын байгууллагуудаар зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгүүлж ашиглалтад оруулсан.
Тайширын УЦС-ын барилга угсралтын ажил 2008 оны аравдугаар сар дуусч техникийн болон ажлын комисс акт гарган, жижиг агрегатыг байнгын ажиллагаанд оруулж хоёр жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сумд, дулааны улиралд аймгийн төвийн тодорхой хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангаж ирлээ. Харин уг станцын том гидро-агрегатуудыг туршиж ашиглалтад оруулах ажиллагааг 2010 оны есдүгээр сард тухайн үед хүрсэн усны төвшингээр хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.
Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт 2007 оны наймдугаар сарын 22-нд эхэлж, өнгөрсөн онд 1685 метрт хүрсэн бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1683.6 метр байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн бүс нутагт хаврын шар усны үер бууж, усны төвшин 1684.2 мерт хүрээд байгаа. Станцын том агрегатуудыг ажиллуулж эхлүүлэх төвшин нь 1696 метрээс доошгүй байх ёстой. Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой. Дээд тал нь таван жил гэж тооцсон байдаг. Харамсалтай нь, тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байна. Өнгөрсөн оны өвөл Завхан голын эхээр өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад харьцангуй их цас орсон, мөн Хангайн нурууны өврөөс эх авсан голуудад шар усны үер багагүй буусан нь усны төвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж байна” гэв.
Үүний дараа гишүүд зарим асуултад хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Дөргөний УЦС-ын нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байдаг, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ юунаас болоод баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаад хариулт шаардав.
Сайд Д.Зоригт:- Дөргөний УЦС суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж байгаа. Үнийн хувьд ТЭЦ-IV-ийн гаргаж буй үнээс бага байгааг бид боломжтой гэж үздэг. Харин гаднаас авч буй эрчим хүчний импортын үнэ огцом өссөн тал бий. Гэхдээ бид аль ч бүс нутагт адил тариф мөрдөж байгаа.
Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар:-Дөргөний УЦС төслийн хүчин чадлаараа ачааллаа аваад ямар нэг хүндрэл саадгүй ажиллаж байгаа, өвлийн цагт, тэр байтугай аваарын үед хүртэл баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний зохих хувийг хангаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Хэзээ усан сан дүүрч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм бэ?
Ц.Баярбаатар:- Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Ирэх жилээс станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсны дараагаас Завхан аймаг руу эрчим хүч өгөх асуудал яригдана гэлээ.
Ингээд энэ асуудлыг дуусгаж, чуулганы хуралдаанаар дараагийн асуудлыг авч хэлэлцсэн юм.