
Өнгөрсөн долоо хоног энэ улсад бүхий л зүйл энэ үйл ажиллагааны цар хүрээ, долгионд автсан мэт болсон. Энэ улсад одоо болж байгаа энэ уур амьсгалыг үгээр тайлбарлаж барахгүй гэж сэтгүүлчид газар дээрээс нь мэдээлж байна. Энэ уур амьсгал Өмнөд Африкийн хамгийн ядуу бүсэд хүртэл хүрсэн байна. “Diepsloot” хот “Fourways” хотын захад оршдог ядуу дүүрэг. “Тоглолт ёстой сайхан болсон. Хайнцана гэдэг бол зүгээр. Бафана Бафана хожигдоогүйд бид баяртай байгаа” гэж орон нутгийн иргэн Лефа Пиенаар “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан. Хоёр жилийн өмнө гадныхныг үзэн ядсан аймшигт цуст бослого гарч энд амьдарч байсан олон гадаад иргэн орон гэргүй болж, нэлээн хэдэн хүн амь үрэгдсэн. Харин өнөөдөр тэр бүхэн мартагдсан мэт байна. Мэдээж Өмнөд Африкт ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлууд байгаа хэвээрээ ч одоохондоо хүн бүхэн тэр асуудлуудаа хажуу тийш нь тавьж Бафана Бафана, хөл бөмбөгийн тухай ярьцгааж байна. Өчигдөр Өмнөд Африкчууд, гадаадын иргэн нийлсэн 3,000 орчим хөл бөмбөг сонирхогчид Йоханнесбург хотын орон нутгийн паркад цуглацгаан, мөр зэрэгцэн бүжиглэж, Өмнөд Африк-Мексикийн тоглолтыг үзсэн. “Арьс өнгөний үзэл алга болж. Хөл бөмбөг хүмүүсийг нэгтгэж байна” гэж орон нутгийн удирдагч Давид Масеко ярьж байна.
Паркад янз бүрийн өнгийн хувцастай хэдэн мянган фэнүүд цугласан бөгөөд тэдний зарим нь Бафана Бафанагийн ногоон, алтлаг шар өнгийн өмсгөлийг өмссөн байсан ба бүгдээрээ асар том дэлгэцэн дээрээс хөл бөмбөгийн тоглолт үзэж байв. Өнгө өнгийн вувузелануудыг үндэснийхээ далбааны өнгөөр янз бүрээр будсан байх бөгөөд янз бүрийн өнгийн үснүүд эргэн тойрон солонгорч байлаа. Эргэн тойрон цагдаагийн хамгаалалт чанга байсан бөгөөд паркад орж байгаа хүн бүрийг цагдаагийн офицерүүд анхааралтай ажиглаж байв. “Тийм ээ, манай энд ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлууд бий. Гэхдээ бид тэр асуудлуудаа орхиод Бафана Бафанаг, хөл бөмбөгийг үзэж байна. Энэ бол дэлхийн цомын тэмцээн шүү дээ” гэж 18 настай Кгофело Махлаце ярьж байна. Тэр мөнгө муутай тул их сургуульд ороход хүндрэлтэй байгаа гэж ярьж байсан.
Йоханнесбург хотын нөгөө талд байгаа Соккер Сити стадионд шүүгчийн шүгэл дуугарч удаан хүлээсэн тоглолт эхлэхэд “За эхэллээ” хэмээн гудамжинд хүмүүс хашгиралдаж байлаа. Гэвч тоглолт эхлээд хэдхэн минут болсны дараа хэдэн мянган үзэгчдийн шуугиан намжсан бөгөөд тоглолтын эхний хагасыг тэр чигт нь ноёрхсон Мексикийн тоглогчдын тоглолыг сэтгэл түгшин дэлгэцэн дээрээс харж байв. Хоёрдугаар хагас эхэлснээс хэдхэн минутын дараа Siphiwe Tsahabala тоглолтын анхны гоолыг хийсэн нь үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дэлбэ татан гаргасан бөгөөд олон үзэгчид суудлаасаа үсрэн босож дэвхцэж, зарим нь баярласандаа шалан дээгүүр өнхөрч байлаа. Хэдийгээр Мексикчүүд тоглолтын төгсгөлд оноог тэнцүүлсэн ч баярын уур амьсгал хаа сайгүй илт байлаа.
Өмнөд Африкчуудад шийдэх асуудал их бий. Энэ улс гэмт хэргийн гаралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Ядуурал сэтгэл түгшээсэн асуудал бөгөөд баян, ядуугийн хоорондох зааг зайтай хэвээр байгаа. Хэдий тийм ч тэд өөр асуудлууд хөндөлгүйгээр энэ баярын мөчүүдийг өнгөрүүлэхээр шийдсэн нь илт байв. “Бид энэ мөчийг олон жил хүлээсэн. Ялсан ч ялагдсан ч энэ Дэлхийн цомыг бид зохион байгуулсан. Бид Бафанаг ямагт дэмжих болно” гэж Өмнөд Африкийн иргэн Моника Масиси ярьсан. Мөн Өмнөд Африкчууд Нельсан Манделад асар өртэй гэдгээ илэрхийлж байсан.
Олон хүн Өмнөд Африк ийм том арга хэмжээг зохион байгуулж чадахгүй гэж ярьж байсан. Тэмцээн болох 10 стадионы нэг нь ч цагтаа бэлэн болохгүй, энэ улсад ирэх олон зуун мянган жуулчинг байрлуулах газар байхгүй гэж ярьж байсан. Гэвч сүүлийн хэдхэн жилийн дотор Өмнөд Африк өөрийгөө ч гайхшруулам бүтээн байгуулалт хийсэн бөгөөд дэлхийн түвшний стадионууд байгуулж, хэдэн зуун зочид буудал барьж, олон тэрбум ам.долларын үнэтэй төмөр зам, метроны систем байгуулсан. Шүгэл дуусаж сүүлийн тэмцээн өндөрлөсний дараа ч энэ бүтээн байгуулалт нь энэ улсад үлдэх болно.
Олон Өмнөд Африкчууд Дэлхийн цомыг зохион байгуулахад тусалсанд нь Нельсон Манделад талархаж байгаагаа илэрхийлж байсан. Мандела тоглолтыг биеэрээ ирж үзэж чадаагүй ч үзэл санаагаараа хамт байсан. “Энэ бол Африк тивд болж байгаа анхны тоглолт. Магадгүй сүүлийнх нь ч байж магад. Бид Манделад өртэй” гэж дунд сургуулийн сурагч Лебоханг Секху ярьсан.
Өчигдөр баасан гаригийн өдөр Нельсон Манделагийн 13 настай ач охин Зенани нь Дэлхийн цомд зориулсан концерт үзчихээд буцаж явж байхдаа автын осолд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. “Мандела бидэнд эв нэгдэлтэй байх тухай их зүйл заасан. Тиймээс бид өнөөдөр энд Африкчууд гэсэн эв нэгдлээр хамт байна. Бид тоглолтыг тэмдэглэж баяр хөөртэй үзэж байгаа ч бидний залбирал энэ цаг мөчид Манделатай хамт байх болно” гэж Махлаце хатагтай ярьж байсан.
Манделаг 1990 онд шоронгоос гарах үед одоо ингээд Өмнөд Африкт иргэний дайн гарах байх гэж олон хүн таамаглаж байсан ч харин оронд нь ардчилсан цаг үе ирсэн. Өмнөд Африкчуудын эв нэгдлийн үр жимс нь болж 1995 онд тэд Дэлхийн Рэгбигийн цомын тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэр үед хар цагаан арьстай Өмнөд Африкчууд хамт зогсон “Springboks”-ыг дэмжиж байсан юм. 2010 он тэр сайхан дурсамжийг олон хүнд дахин авчирж байна. Саяхныг хүртэл хөл бөмбөгийг хар арьстнуудын спорт, харин рэгби бол цагаан арьстнуудын спорт гэсэн үзэл тус улсад байсан юм. Харин хөл бөмбөгийн үйл ажиллагаа хар, цагаан арьст иргэдийн хоорондын заагийг арилгаж, харин улс орноороо бахархах илүү өргөн хүрээтэй үзлийг суулгаж өгч байна.
Эцсийн үр дүн ямар ч байлаа гэсэн Африк тив ямагт хар арьстан, цагаан арьстнууд хамтдаа бүжиглэж дуулж байсан гэдгээ санах бөгөөд Өмнөд Африкийн өгсөн энэ алтан мөчүүдийг ямагт дурсах нь болно гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид Йоханнесбург хотоос мэдээлж байна.
Т.Бадрах