Төрийн ёслолын албаны хамт олонд баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Төрийн ёслолын албаны хамт олонд баяр хүргэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон төрийн ёслол хүндэтгэлийг хариуцан хэрэгжүүлж буй Төрийн ёслолын алба байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан тус албаны хамт олныг өчигдөр хүлээн авч уулзан УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөлөө.  
   
      УИХ-ын дарга тус албаны хамт олонд ирүүлсэн баярын мэндчилгээ, Төр, засгийн ёслол үйлчилгээний тасаг нэртэйгээр анх байгуулагдаж байсан Төрийн ёслолын алба нь эдүгээ монгол төрийн язгуур бодлогоос улбаатай төрт ёсны түүхэн баялаг өв уламжлал, үндэсний ёс заншлыг олон улсын дипломат горим журамтай хослуулан хэрэгжүүлэх чадвар бүхий орчин үеийн мэргэжлийн бие даасан төрийн алба болтлоо хөгжсөнийг тэмдэглэхэд таатай байна.

      Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас төрийнхөө ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч 1994 онд Төрийн бэлгэ тэмдгийн тухай, 1995 онд Төрийн албаны тухай, 1996 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай, 2003 онд Үндэсний баяр наадмын тухай зэрэг хуулиудыг батлан гаргаж, төрийн өндөр албан тушаалтнуудын зэрэг зиндаа, төрийн тэргүүний болон төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний тангараг өргөх журмуудыг тогтоон мөрдүүлж байгаа билээ. Төрийн хүндэтгэлийн дэг жаягийн уламжлалыг хадгалан, орчин үеийн нөхцөлд зохицуулан улам төгс төгөлдөр байлгахад Улсын Их Хурал цаашид ч анхаарах болно.

      “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээх ард түмний мэргэн үгийг ямагт санаж, Монгол төрийн өмнө хүлээсэн эрхэм үүргээ төрийн ёслолын албан хаагч Та бүхэн нэр төртэй биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна гэж дурьдсан байна.

     Мөн тус албаны зарим ажилтныг УИХ-ын Тамгын газраас мөнгөн шагналаар шагнасныг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гардуулж, баяр хүргэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж