“Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэлэлцүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Ардчилсан нам өнгөрсөн 2010 онд хуралдсан ээлжит XXXII хуралдаанаараа сар шинийн баярын өмнө Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа зохион байгуулахаар болсон. 2011 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр Төрийн ордны Их танхимд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал товлосон хуралдлаа.

    ҮЗХ-ны 33дугаар хурлаар “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийг 2011 онд багтаан улс орон даяар явуулах болон Намын дотоод хөгжил, дүрэм журмыг боловсронгуй болгох ажлын хэсгийн мэдээллийг сонсох асуудлыг тус тус авч хэлэлцлээ.

    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг 2011 оны энэ сарын сарын 22, 23-ны өдрүүдэд Дорнод аймагт “Монгол Хүн 2020” анхны хэлэлцүүлгийн зохион байгуулж, Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай, орлоготой, Аюулгүй орчинтой Монгол хүн ажлын хэсгийн ахлагч нарын мэдээллийг сонссон юм.

    “Монгол Хүн 2020” хэлэлцүүлэг нь Монгол улсын иргэн бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх бөгөөд иргэн бүрийн саналыг ерөнхий байдлаар бус сум, багийн түвшинд гаргаж ирж байгаагаараа онцлог юм. “Монгол Хүн 2020” хэлэлцүүлэг үндсэн таван чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал бүр нь тухайн орон нутгийн 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын тулгуур болох юм. ҮЗХ-ны гишүүд “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийн ажлын хэсэгт амжилт хүсч, өөрсдийн санаа бодлыг хэлж байлаа. Үүнд:

    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: “Монгол хүн 2020” гэсэн энэ хөтөлбөрийг боловсруулах явц буюу процесс нь бидний хувьд их ач холбогдолтой юм. Бид энэ хүрээндээ илүү мэдлэг, өгөгдлийн санг бий болгох ийм агуу ажлыг хийж байгаа юм. Бид эхлээд танин мэдэж, мэдсэн дээрээ судалгаа хийн, судалгаан дээрээ үндэслэж дүгнэлт гарган, дүгнэлтэн дээрээ үндэслэж зорилгоо гаргана гэсэн энэ аргачлалыг хийж байгаа нь агуулгын хувьд их ач холбогдолтой. Ялангуяа Дорнод аймагт хийсэн анхны хэлэлцүүлэгээс гаргасан мэдээллүүд маш чухал санагдлаа. Энэ юу вэ гэхээр нийт иргэдийн оролцоог өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдэх, өөрөө өөртөө дүгнэлт хийх, өөрсдийнхөө зорилгыг өөрсдөө тодорхойлох гэсэн ийм соёлыг бий болгоход өнөөдөр үгүйлэгдээд байгаа тийм зүйлийг бий болгоход их чухал зүйл болж байна. Бид өнөөдөр сумандаа яаж сайхан амьдрах вэ, аймагтаа яаж сайхан амьдрах вэ, ингээд монгол хүн монголдоо яаж сайхан амьдрах вэ гэсэн энэ л асуудлыг тодорхойлж гаргаж ирэхэд түвшин түвшиндөө бүгдээрээ оролцож, манай баг, манай хот айл, манай ургийнхан, манай гэр бүл гэсэн ийм түвшнүүд дээр асуудлууд гарч ирж, эцсийн дүндээ энэ нь Монгол улсын бодлого тодорхойлогдож байгаа нь процессынхоо хувьд иргэний оролцоог  хангасан ийм асуудал болж байна. ерөөсөө бидний эцсийн зорилго өөрөө өөрсдөө бүтээгч байж чаддаг, мөнгө бүтээснээсээ хүртэж чаддаг ийм л монгол хүн гэсэн ийм агуулга руу өөрийгөө хөтөлж байгаад нь том ач холбогдолтой юм. Эцэст нь туулай жилийн босгон дээр Монгол хүн 2020 гэсэн хөтөлбөрийг бэлэг болгон монголын арл түмэндээ бэлэг болгож байна. би монгол хүн 2020 гэдгийг Монгол хүн гого гэж орчуулж байгаа. Монгол хүн монголдоо гоё сайхан амьдрах боломжыг энэ хөтөлбөрөөр дамжуулан ард иргэддээд бэлэг болгож байгаа юм.

    Монгол улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд бид бүхэн анхан шатны нэгжийн тухай ярьдаг. Нутгийн өөрөө удирдах ёсны асуудал өнгөрсөн 20 жилийн хугацаанд Үндсэн хуульд тусгагдан хэдий ч хэрэгжих тал дээр жинхэнэ утгаараа биеэ олоогүй гэдэг дээр эрдэмтэн судлаачид, нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид санал нэг байдаг. Ардчилсан Хувьсгалыг эхлүүлж, Монгол улсад анхдагч бүхний эзэн байсан Ардчилсан намын “Монгол Хүн 2020” хэлэлцүүлэг ч дээрх асуудлыг шийдвэрлэх гарц болно гэдэгт гишүүд итгэл төгс байлаа.

    Ардчилсан нам ийнхүү хөгжлийн төлөөх бодлогын асуудлаар хуралдаж ҮЗХ-ны XXXIII хурлаас цаашид “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийг 2011 онд багтаан улс орон даяар зохион байгуулахыг намын удирдлага, дунд шатны байгууллагад даалгаж, ирж буй Туулай жилдээ ихийг хийж бүтээхийг ерөөж, Монголдоо сайхан амьдаръя гэсэн уриатайгаар ээлжит хурлаа өндөрлөлөө гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж