
Хөлбөмбөгийн 19 дэхь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдээд байна. Өчигдөр шөнө ӨАБНУ-ын Капэ Тоун хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн концерт болсон билээ. Энэхүү концертийг үзэхийг хүссэн мянга мянган үзэгч байсан ч зохион байгуулалт төдийлөн сайн байж чадаагүйгээс зургаан хүн дарагдаж гэмтсэн байна. Албан ёсны нээлтийн концертийн өмнө олныг хамарсан парад болсон бөгөөд парадын үеэр ч мөн зохион байгуулалт хангалттай сайн байж чадсангүй. ӨАБНУ-ын хөлбөмбөгийн холбоо болон 19 дэхь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хороо үүргээ тун хангалтгүй биелүүлж байгаа бөгөөд өнгөрсөн ням гаригт болсон Нигери, БНАСАУ-ын нөхөрсөг тоглолтын үеэр 15 хүн гэмтсэн харамсалтай явдал гарсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт зохион байгуулагч орон ӨАБНУ, Мексикийн шигшээ багуудын хооронд болно, энэ тоглолтын үеэр хүн гэмтэж бэртэх таагүй явдал гаргахгүй гэж зохион байгуулагчид амлаж байна.