Өнөөгийн хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа хамгийн том асуудлуудын нэг бол уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэн гарч байгаа сөрөг үр дагаврууд юм гэдэгтэй дэлхий нийтээрээ санал нийлж байгаа энэ цаг үед хэрхэн байгальд ээлтэй байдлаар хөгжих вэ гэдэг асуулт Давосын хамгийн анхаарал татсан хэлэлцүүлгүүдийн нэг байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр байгаль орчны асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлж , тодорхой санал санаачилга гаргасан нь Давосын зохион байгуулагчдын анхаарлыг татаж, “Уур амьсгалын өөрчлөлтийн санаачилга” зөвлөлд ажиллахыг урьсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ дагуу уг зөвлөлд ажиллаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн видеоконференци болон уулзалтуудыг хийгээд байгаа билээ.
“Уур амьсгалын өөрчлөлтийн санаачилга” зөвлөлөөс зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчны шинэ загвар” салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч урилгаар оролцож, үг хэллээ.
Уг салбар хуралдаанд мөн АНУ, Өмнөд Африк, Франц, Швейцарь зэрэг орнуудын байгаль орчин болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар, мөн НҮБ, ЕХ-ны салбар байгууллагуудын удирдлага санал бодлоо хэлж, харилцан ярилцсан.
“ Байгаль орчин биднийг онол ярихаас илүү үйл ажиллагаагаа хурдан эхлэхийг шаардаж байна. Бидэнд цэвэр хөгжлийн маш сайн загвар хэрэгтэй байна. Ийм загварыг хийцгээе” гэж ӨАБНУ-ын Ус, байгаль орчны сайд Эда Молева хэллээ. Үйлдвэрлэл эрхлэгчид, компаниудыг цэвэр технологитой байхыг шаардах, улс орны төр засгийн тэргүүнүүд цэвэр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх саналыг судлаачид хэлж байв.