Түүх сөхөн үзэхэд Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын заалтыг үл хэрэгжүүлдэг орнууд байсан бөгөөд бүр байнга үл тоомсорлож ханддаг орнууд ч байсаар байна.
Үүний нэгэн жишээ 2009 онд цөмийн зэвсгийн туршилт хийсэн БНАСАУ юм. Энэхүү үйлдлийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мон НҮБ-ын тогтоолыг “ноцтой зөрчсөн үйлдэл” гэж дүгнэсэн билээ.
Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үл хэрэгжүүлдэг орнуудын тоонд магадгүй Израиль улс орох ба тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Зургаан өдрийн дайнаар булаан эзэлсэн нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаардан 1967 оноос хойш 43 тогтоол гаргасан боловч түүнийг үл тоомсорлон өнгөрөөсөн байна.
Түүгээр ч барахгүй зарим хүн Аюулгүйн Зөвлөл өөрөө хүртэл НҮБ-ын дүрмийг зөрчин тогтоол гаргадаг, тухайлбал, Иракийн эсрэг хийсэн довтолгоог хууль эрхзүйн үндэслэлтэй болгосон 1483 дугаар тогтоолыг иш татах тохиолдол гардаг.
Энэхүү дүр зургаас үүдэн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд нь бодит үр дүнд хүргэж чаддаг уу гэсэн асуулт тавихад хүргэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан BBC Mundo агентлагаас Мадридийн Комплутенсийн их сургуулийн олон улсын харилцааны тэнхмийн профессор Рафаель Калдучид хандан тавьсан асуултад “Аюулгүйн Зөвлөлийн тогтоол нь дэлхийн энх тайван байдлын эсрэг чиглэсэн аливаа заналхийллээс хамгаалах зорилготой үндсэн баримт бичиг юм. Тогтоолууд нь дэлхийн олон нийтийн хууль ёсны, хууль ёсны эрхийн ойлголтыг тогтоох үндэслэлийг бий болгоход зориулагддаг юм” гэсэн тайлбарыг өгчээ. Тэрээр эдийн засгийн шийтгэл ногдуулах, хориг тогтоох, мөн түүнчлэн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хүч хэрэглэн, цэрэг илгээх арга хэмжээ авч болно гэж дурдсан байна. Хүч хэрэглэх тохиолдол нь зөвхөн энх тайван байдал аюулд учирсан буюу түрэмгийлэл үйлдсэн үед хэрэглэдэг байна.
Олон улсын харилцаа, Гадаад хэлэлцээ, ярианы Сангийн дипломатч зөвлөх, шведийн эрдэмтэн Christer Elfverson BBC.Mundo-д өгсөн ярилцлагадаа “Аюулгүйн Зөвлөлийн тогтоол хэрэгжих зүйл ангийг дүрэмд хэд хэдэн янзаар тусгасан байдаг. Дүрмийн VI бүлэгт арга хэмжээ авахыг хурцаар хүчтэй заасан байдаг боловч хүч хэрэглэх тухай заалт байдаггүй. Харин VII бүлгийн заалтаар энх тайван байдлыг хадгалахын тулд хүч хэрэглэхийг хуульчилсан заалт байдаг юм” гэж тайлбарлажээ.
Швед улсын дипломатч асан Christer Elfverson “Израилийн талаар гарч байсан Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд нь бүгд VI бүлгийн заалтын дагуу гарч байсан. Нэг ч тогтоолын заалт VII бүлэгтэй холбоогүй байсан. Тийм учраас хүч хэрэглэх тухай асуудал хэзээ ч сөхөгдөж байгаагүй” энэ нь ч бас тохиолдлын зүйл байгаагүй” гэсэн аж. Тэрээр “ЗХУ задран унаж, Аюулгүйн Зөвлөлд түүний орыг ОХУ эзлэх болсноос хойш АНУ-ын Аюулгүйн Зөвлөлд эзлэх байр суурь тэргүүлэх шинж чанартай болж, вето тавих эрх мэдэл нь бэхжиж, израилтай холбоотой аливаа асуудалд өөрийн байр сууринаас хандаж ирсэн юм” гэж тайлбарлажээ.
Нөгөө талаар Израильтай холбоотой аливаа асуудал АНУ-ын дотоод улс төрийн бодлогын түлхүүр болж байдагтай уялдаатай юм. АНУ-ын дотор “еврейчүүдийн лобби” маш хүчтэй байдагтай холбоотой гэсэн тайлбарыг хийжээ.
Тийм учраас хэдийгээр Бразил, Турк улс дургүйцсэн боловч Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай тогтоол гаргуулахад АНУ гол үүргийг гүйцэтгэжээ.
БЭЛТГЭСЭН Д.ПУНЦАГ