Боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна

Монгол улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг “Монгол улсын хөгжил дэвшлийн үндсэн хөшүүрэг, хөгжлийг хурдасгагч” хэмээн томъёолсон байдаг. Төрийн байгууллагууд болон тус салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, тус салбарын хөгжил жилээр бус сар, өдрөөр хөгжиж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас гаргасан тайлангаар тус салбарт 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж дотоодын нийт бүтээгдэхүүний 9%-ийг үйлдвэрлэж буйг судлан тогтоосон байдаг.  Үүний мэдээлэл, технологи болон холбооны зэрэгцээ 29 төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж Улсын төсөвт 2008 онд 70,6 тэрбум төгрөг, 2009 оны эхний хагас жилд 49,1 тэрбум төгрөгийн татварыг тус тус төлж байгаа нь гарсан.
Хөгжлийн энэхүү процессыг даган тус салбарын боловсон хүчний эрэлт нэмэгдэж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад бизнесийн байгууллагууд ч өөрсдийн хувь нэмрийг оруулахдаа бүр суурь түвшнээс нь авахуулаад анхаарч эхэллээ. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн сард М-Си-Эс Электроникс компанийнхан Монгол Улсын их сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуультай хамтран улсын хэмжээнд чадварлаг инженер, техникийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн явдал байв. 10 гаруй жилийн арвин их туршлага бүхий салбартаа тэргүүлэгч компанийн хувьд эдүгээ оюутан сурагчдад компьютер, интернэт гээд мэдээллийн технологийн хүрэлцээтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг цахим удирдлагын системээр програмжуулах гээд ирээдүйн боловсролыг хөгжүүлэхэд олон ажлуудыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Харин энэхүү Санамж бичиг солилцсон ажлын хүрээнд МИУС-ын судалгаа шинжилгээний лабораторийг түшиглэн GIS, LBS, RFID гэсэн судалгааны ажилд магистир, оюутнуудыг татан оролцуулж, хөгжих сурах боломж нөхцөлийг хангахаас гадна туршлагажсан инженерүүдтэй хамтран томоохон судалгааны ажилд гар бие оролцуулан, хөгжүүлэн ажиллах юм байна. Цаашлаад Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийн сургалт, үйлдвэрлэлийн хөтхон буюу Монголын цахиурын хөндийг байгуулах төсөлд тус компанийнхан энэхүү хамтын ажиллагааны хүрээнд санаачилгатай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Хэдийнээс л бид бүхэн монгол хүний оюуны чадамж бусдаас өндөр хэмээн  хоосон ярьсаар ирсэн.  Харин үүнийгээ баталж, дэлхий дахинаа харуулахад тус салбарын эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хийгдсэн болон хийгдэх судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг бизнесийн болон нийгмийн үйл ажиллагаанд туршинх, ашиглах, хөгжүүлж хэрэглэгчдийн гарт хүргэхэд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй чухал. Өнгөрсөн онд М-Си-Эс Электроникс компани дэлхийд өрсөлдөх монгол брэнд компьютерийг үйлдвэрлэхээр хамгийн орчин үеийн технологийг оруулж ирсэн билээ. Бүтэн жилийн турш нарийн мэргэшсэн инженерүүд хамтран ажиллаж, үйлдвэрлэгдэж буй компьютерийн техник эд ангиудын зохилдлого, найдвартай ажиллагааг брэнд компьютеруудтай харьцуулснаар судалгаа шинжилгээний ажлууд нь дуусах шатандаа орсон. Энэхүү үйлдвэрийн лабораторид оюутан, сурагчид онолын мэдлэгээ практиктай хослуулан олон туршилт, тестүүд хийх боломжтой гэж М-Си-Эс Электрониксийн инженерүүд цохон тэмдэглэж байна.
Мэдээж Монгол хүний оюун ухаанаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахад бидэнд зайлшгүй чадварлаг боловсон хүчний арми, тэдний хийж бүтээх олон жилийн туршлага, мэдлэг  хэрэгтэй. Энэхүү армийг алсын хараатайгаар чиглүүлж, хөгжүүлж, дэд бүтцийг нь бүрдүүлэх чухал алхмыг М-Си-Эс Электроникс анхлан хийж эхэллээ. Бид технологийн хөгжлийн давуу талыг ашиглаж, оюунлаг, өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэж, мэдээлэл харилцаа холбооны дэд бүц бүтцийг байгуулах замаар улс орондоо мэдлэгийн нийгмийг бий болгож, эдийн засгийн өсөлдөөнд амжилттай оролцох бүрэн боломжтаой юм.

Г.Уранчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж